Манай улсад 10 дугаар сараас 05 дугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг учраас Оюутан, төгсөгчийн хэлтэс нь Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд МУИС-ийн суралцагчдад зориулан жил бүрийн 10 дугаар сард “Вакцинжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Оюутан, төгсөгчийн хэлтэс нь энэ хичээлийн жилийн өдөрлөгийг “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” гэсэн уриан дор 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Өдөрлөгийн I дүгээр үеийг 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хоногийн цахим сурталчилгаа хийх өдрүүд болгон төлөвлөж, суралцагчдадаа Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан вакцинтай холбоотой мэдээ, танилцуулга, ДЭМБ-ын зөвлөмжүүдийг түгээж, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.   “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” өдөрлөгийн II дахь үе шат болох вакцинжуулах ажлаа МУИС-ийн Эмнэлэгтэй хамтран 2020 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн 2 хоног зохион байгуулав. Бид томуу өвчний дэгдэлт идэвхждэг энэ үед ДЭМБ-ын зөвлөмж болгосон, магадлан итгэмжлэгдсэн, гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох А хүрээний Н1N1 болон Н3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг худалдан авч оюутан, суралцагчдыг вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүйгээр хамруулав.