АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕИЙН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Огноо:Аугаа Эх орны дайны үед Улаан армид Семён Константинович Гитлер гэдэг нэртэй пулемётчин цэрэг фронтод тулалдаж байжээ. Еврей үндэстэн энэ цэрэг тун ч эрэлхэг тулалдаж “Эр зоригийн төлөө” медалиар шагнуулсан байна. Харин түүнд олгосон үнэмлэх дээр нь нэрийг нь Семён Константинович Гитлев гээд “санамсаргүй” байдлаар нэг үсэг андуураад биччихсэн байжээ. Энэ дайны уршигаар ЗХУ-ын 1923 онд төрсөн бүх эрчүүдийн 80 хувь нь амь үрэгдсэн гэдэг. Дэлхийн II дугаар дайнд амь үрэгдсэн АНУ, Англи хоёр улсын бүх цэргийн алба хаагчдын тооны нийлбэр нь зөвхөн Ленинградад амь үрэгдсэн зөвлөлтийн энгийн иргэдийн тооноос бага байдаг. Фашист Германы тэнгисийн цэргийн шумбагч завины(U-Boat) анги, нэгтгэлүүдэд нийтдээ 40 мянган орчим усан цэргүүд алба хааж, тэнгист тулалдаж байсан хэдий ч тэднээс зөвхөн 10 мянга нь л гэртээ амьд мэнд эргэж иржээ.
Дайны үед германы хамгийн гол дайсан И.Сталин бус харин зөвлөлтийн радио нэвтрүүлэгч Юрий Левинтан байжээ. Түүнийг устгасан хүнд 250 мянган марк амлаж байлаа. Энэ бол одоогийн ханшаар бол ойролцоогоор 1,5 сая ам.доллартой тэнцэх мөнгө ажээ. Тийм учраас зөвлөлтийн удирдлага Ю.Левинтанг тусгай хамгаалалтад авч, түүний тухай бүхий л зүйлийг 1950-иад он хүртэл нууцлаж байв.
Дайн дөнгөж эхлээд удаагүй байсан 1941 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаан армийн байлдагч Дмитрий Овчаренко нэгэн тосгоны дэргэд тулалдаж байгаад даргаасаа нэмэлт сум галт хэрэглэл аваад ирэх тушаал яваад ар тал руу явжээ. Харин тэр ар тал руу очоод сум, гранат аваад буцаж явтал тулаан дуусч, ротын байрлал нь аль хэдийн дайсанд эзлэгдчихсэн байжээ. Үүнийг нь мэдээгүй Д.Овчаренко хайрцагтай сумаа үүрч яваад тосгоны захад германы 50 орчим тооны офицер, цэргүүдэд баригджээ. Германы цэргүүд түүний бууг хурааж аваад удирдаж байсан офицер дээрээ авч очжээ. Нөгөө офицер нь түүнийг байцааж байх үед нь Д.Овчаренко хажууд нь байх түлээний зоолттой сүхийг сугалж аваад германы офицерын толгойд нь зоочихсон гэнэ. Гэнэтийн энэ явдлын гэрч болсон герман цэргүүд “шок”-нд орсон ба Д.Овчаренко ч энэ боломжийг ашиглан 3 ширхэг гар гранат германы цэргүүдийн дунд шидчихжээ. Үүний үр дүнд германы цэргүүд хэдэн тийшээ тарж зугтсан бөгөөд тэр нийтдээ 21 германы цэргийг ганцаараа устгасан тул 1941 оын 8 дугаар сарын 3-нд ЗХУ-ын Баатар цолоор шагнуулжээ. ЗХУ-ын Баатар Дмитрий Овчаренко нь 1945 оны 1 дүгээр сарын 28-нд Унгарыг чөлөөлөх тулааны үеэр харамсалтай амь үрэгдсэн юм.
“Эрдэнэ нуусан гар” киноны найруулагч ЗХУ-ын Ардын жүжигчин, нэрт найруулагч асан Леонид Гайдайг манайхан сайн таних болов уу. Л.Гайдай 1941 оны 6 дугаар сарын 18-нд 10 жилийн дунд сургууль төгссөн ба 4 хоногийн дараа дайн эхлэхэд шууд армид элсэж оржээ. Түүнийг насан хүрээгүй гэдэг шалтгаанаар зүүн зүг рүү нүүлгэн шилжүүлэхэд Иркутскт хүрэлцэн ирж, тэнд дөнгөж ирээд байсан Москвагийн хошин урлагын театрт жүжигчинээр ажиллах болжээ. Тэр театрт ажиллаж байхдаа түүний авьяас билэг нь тодорч, хүмүүст амархан танигдаж эхэлсэн байна. 1942 онд түүнийг Монгол руу илгээж, фронтод илгээж буй морьдыг хариуцсан албанд томилов. Нэг удаа тэдний анги дээр “Цэрэг татлагын комиссар” ирж, фронтод шаардлагатай зарим мэргэжлийн цэргүүдийг бүртгэж авах боллоо. Комиссар цугласан цэргүүдээс “Артиллерийн мэргэжилтэй цэрэг байна уу?” гэхэд тулалдах хүсэлтэй байсан Л.Гайдай “Би,” гэж хариуллаа. Түүнийг фронтод илгээх сонирхолгүй байсан цэргийн комиссар үргэлжлүүлэн “Танкист, усан цэрэг, тагнуулчин цэрэг байна уу?” гэж асуух болгонд нь Л.Гайдай бүгдэд нь “Би байна,” гэж хариулсаар байгаад фронт явахаар болсон гэдэг. Тэр Калининскийн фронтод алба хааж, германчуудтай тулалдаж, бүр шархдан шагнуулж явсан байдаг.
1941 оны өвөл зөвлөлтийн нэгэн нисгэгч дайсанд эзлэгдсэн нутаг дээгүүр тагнуулын нислэг үйлдэж яваад Москваг чиглэлээд явж буй дайсны хуягт техникийн цувааг илрүүлжээ. Нисгэгчид танктай тэмцэх ямар нэгэн зэвсэг байсангүй. Гэвч тэр хамгийн ойролцоох нэгэн аэродром дээр газардаж тэнд байсан цэргүүдэд дайсны тухай мэдээг дамжуулж хэлсэн байна. Гэвч цастай нөхцөлд зам хаагдсан машин явах боломж муу байсан тул нисгэгч Сибирээс дөнгөж ирээд байсан хорооны цэргүүдийг нэг хоёроор нь өөрийнхөө онгоцоор зөөж, дайсны цувааны яг өмнө нь буулгаснаар дайсны цувааг цагт нь амжиж зогсоож чаджээ.
Аугаа Эх орны дайнд ЗХУ-ын Баатар цол хүртсэн хамгийн хөгшин настай хүн бол Матвей Кузьмич Кузьмин байжээ. Тэр 1858 онд төрсөн, 1942 онд Улаан армийн дайчдад туслаж яваад тулааны талбарт амь үрэгдэхдээ 83 настай байжээ.
Дайны үеэр олон алдартай эмэгтэй мэргэн буудагчид төрөн гарсан. Харин АНУ болон Канадад хамгийн алдартай зөвлөлтийн иргэн бол ЗХУ-ын Баатар, мэргэн буудагч Людмила Михайловна Павличенко байжээ. Тэр 1942 оны 6 дугаар сард хүнд шархдах хүртлээ германы 309 офицер, цэргийг устгасны дотор 36 мэргэн буудагчид багтаж байв. Шарх нь эдгэсний дараа АНУ болон Канадаар айлчлах Зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Людмила багтан АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Франклин Рузвельттай уулзаж байв. Түүний эрэлхэг зоригт тулааны түүх, үзэсгэлэн гоо төрх нь америкчуудад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, сэтгэлд нь бат үлджээ. Бүр америкийн алдартай дуучин Вуди Гатри “Хатагтай Павличенко” гэдэг дуу зохион дуулж байсан гэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлтийн цэргүүд 60 мянга гаруй ноходыг сурган төрөл бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Амандаа тэсрэх бодис зуугаад дайсны танкны гинжинд аваачиж тавьдаг тусгай сургуультай ноход олон байв. Тийм нохойнууд германы 300 гаруй танк, хуягт тээвэрлэгчийг устгасан байдаг гэнэ. Тэгвэл холбооны албанд алба хааж байсан ноход ойролцоогоор 200 мянга гауй төрөл бүрийн байлдааны мэдээ, бичиг баримтуудыг дарга, штабуудын хооронд байлдааны хүнд нөхцөлд зөөжээ. Түүнчлэн олон мянган нохой эмнэлгийн албанд хүчин зүтгэж хүнд шархдсан улаан армийн 700 мянган цэргүүдийг эрж олох, бусдад мэдэгдэх, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд ажилд эзэндээ туслаж байв. Түүнээс гадна мина, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох үйлсэд олон ноход оролцож байлаа. Эдгээр ноход нь 303 хот дахь дайсны минжүүлсэн барилга, байгууламж, 15,153 кв/км минийн талбайг аюулгүй болгоход оролцож ойролцоогоор 4 сая мин, тэсэрч дэлбэрэх зүйлсийг олж ирүүлэн өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна.
Улаан армийн сапёрчин дайчид минжүүлсэн объектыг аюулгүй болгох ажилдаа тусгай сургагдсан олон ноход ашиглаж байв. Тэдгээр ноходын дунд “Джульбарс” гэдэг нэртэй алдартай нэгэн нохой байжээ. “Джульбарс” дайны хугацаанд 7000 гаруй мина, 150 их бууны сумыг илрүүлж, аюулгүй болгоход оролцсон гэнэ. Дайны төгсгөлд уг нохой шархдсан тул ялалтын парадад оролцох боломжгүй болжээ. Харин үүнийг энэ тухай дуулсан И.Сталин өөрийнхөө кителийг тайлж өгөөд “Үүнд дээр нохойгоо хэвтүүлж авчраад, ялалтын парадад оролцуул,” гэсэн тушаал өгчээ. Дараа нь И.Сталины өгсөн уг кителийг зөвлөлтийн армийн нохойн сургуулийн төв байран дахь хүндэтгэлийн үзмэрт байруулжээ. Улаан армийн 1941 оны 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 8-ныг дуустал явуулсан “Берлин хотын эзлэх ажиллагаа” нь оролцсон хүн хүч, зэвсэг техник, хэмжээ далайцаар Гиннессийн номд орохоор дэлхийн түүхэнд үлдэх хамгийн том тулааны ажиллагаа болж өнгөрчээ. Энэ тулалдаанд хоёр талаас нийтдээ 3,5 сая цэргийн алба хаагчид, 52 мянган их буу, миномёт, 7750 нэгж танк, 11 мянган нисэх онгоц оролцжээ. Аугаа Эх орны дайны үеэр В.И.Лениний шарилыг дайсны гарт оруулахаас болгоомжлох үүднээс Москва хотоос зүүн зүгт 2111 км зайд орших Тюмень хот руу нууцаар шилжүүлэн байрлуулсан байв. 1941 оны сүүлээр ЗХУ-д германы эсрэг тулалдах зорилгоор польшийн сайн дурын армийг эмхлэн байгуулж, Андерсийн арми гэж нэрлэж байв. Энэ армийн зарим анги нэгтгэл английн цэргийн бүрэлдэхүүнд багтаж Иранд байлдаж байх үед “Войтек” нэртэй нэгэн баавгайн бамбарууш тэжээх болжээ. Цэргүүдийн дунд өссөн бамбарууш яг хүн шиг хооллож ундалдаг, бүр пиво хүртэл уудаг байсан гэнэ. Ингээд өсөж том болсон “Войтек” нь артиллерийн 22 дугаар ротод алба хаах болжээ. Уг артиллерийн анги Италид болсон “Монте-Кассино”-ийн төлөөх тулалдаан оролцох үед нөгөө “Войтек” баавгай их бууны сум, галт хэрэглэл зөөж, цэргүүдийн дохиогоор их бууны сумыг их буун дээр хүргэж авчирч өгдөг байсан гэнэ. Харин сүүлд польшийн энэхүү артиллерийн ангийн сүлд нь баавгайн дүрстэй болжээ.
Аугаа Эх орны дайны үеэр Улаан армид 80 мянган гаруй эмэгтэй офицерууд алба хааж эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж явжээ.
ЗХУ-ын “Улсыг батлан хамгаалах хороо”-ны нууц илтгэлд дурьдсанаар бол Улаан армийн дайчид дайны бүхий л хугацааны туршид адил хэмжээтэй архи, спирт ууж хэрэглэж байсан гэнэ. Зөвлөлтийн цэргүүд зөвхөн 1942 оны 12 дугаар сард буюу ганцхан сард 5 сая 691 мянган литр архи ууж байсан бол 1943 оны 12 дугаар сард 5 сая 665 мянган литр архи уусан байлаа. Энэ бол ойролцоогоор 60 тонн жинтэй 1000 ширхэг вагон ачаа болно гэсэн үг билээ.