Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас хандив гардууллаа.
Огноо:Цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас (ӨМБИС) МУИС-д зориулан 10 ширхэг халуун хэмжигч багаж, 5000 ширхэг маск, 5000 ширхэг нэг удаагийн бээлийг тус сургуулийн Захирал Доктор, Профессор Алтансангийн мэндчилгээний хамт МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нарт гардуулан өглөө.
Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь МУИС-ийн зүгээс хамтын ажиллагаа эхлүүлсэн БНХАУ-ын хамгийн анхны их дээд сургуулиудийн нэг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн 2+2 хэрэгжүүлэх, багш оюутан, судалгааны материал солилцох, хамтарсан судалгаа, хурал, төсөл зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. ӨМБИС-ийн ЭХОУС-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга Тодгэрэл хандивыг гардуулан өгсөн бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхаарал хандуулан ажиллах хүсэлтийг илэрхийлээд, МУИС-ийн захирал Б.Очирхуяг болон бусад удирдлагуудыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал, доктор, профессор Алтансангийн мэндчилгээ
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн тухай: 1952 онд байгуулагдсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэх их сургуулиудын нэг юм. ӨМБИС нь 29 бүрэлдэхүүн коллеж, нэг бие даасан коллеж, сургалт судалгааны хоёр хэлтэстэй. 1300 гаруй багштай, тэдгээрийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй. Нийтдээ бакалаврын 79 хөтөлбөр, мэргэжлийн магистрын 10, шинжлэх ухааны магистрын 155, докторын 7 хөтөлбөрт 24000 гаруй бакалаврын оюутан, 4200 гаруй ахисан түвшний оюутан, 200 гаруй гадаад оюутан суралцдаг байна. Тус сургууль нь эрдэм шинжилгээ судалгааныхаа зарим салбараар өөртөө засах орон болон улсынхаа хэмжээнд тэргүүлдэг. Одоогоор тус сургууль 10 гаруй эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, төв болон улсын хэмжээний судалгааны лабораториудтай. Олон улсын болон улсын хэмжээний судалгааны төсөл хөтөлбөрүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа юм байна.
Хамтын ажиллагааны хэлтэс