МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо
Огноо:Өнөөдөр /2020.01.15/ МУИС-ийн 2019-2020 оны өвлийн улирлын төгсөлт болж энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 2019-2020 оны өвлийн төгсөлтөөр докторын зэрэгтэй 12, магистрын зэрэгтэй 158, бакалаврын зэрэгтэй 467 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авсан юм. МУИС-ийг нийт 637 суралцагч төгсөж байна. Үүнээс докторын зэрэгтэй 12 байгаагийн 9 нь буюу 75% нь А дүнтэй, магистрын зэрэгтэй 158 төгсөгчийн 59 нь буюу 37% нь А дүнтэй, бакалаврын зэрэгтэй 467 төгсөгчийн 44 нь буюу 9% нь А дүнтэй төгссөн амжилттай байна. Нийт төгсөгчдийн 2% буюу 13 төгсөгч нь гадаадын иргэн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас 3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 9, Япон Улсаас 1 суралцагч тус тус төгсөж байгаа юм.
Ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн нийгэм, “дээд боловсролтой мэргэжилтэн” та бүхнээс мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, эрүүл биетэй, ёс зүйтэй, ажлын хариуцлагатай байхыг шаардах болно. Энэ бүхнийг биелүүлэхдээ ТӨГСӨГЧ ТА гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, МУИС-ийн нэг үеийн болон үе үеийн төгсөгчид, багш нартайгаа мэргэжлийн эв нэгдэлтэй, хамтран ажиллахыг хүсч байна. Ирээдүйд XXI зууны хөгжлийн хурдны их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай тийм мэргэжилтэн бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах болно. Энэ уриа дуудлагыг манай эрдэмтэн багш нар, оюутнууд гүнээ ухамсарлан мэдэрч, тэр шаардлагын дагуу сурлага хөдөлмөр, эрдэм судлалынхаа ажлыг чиглүүлэх болно” гээд нийт төгсөгчдөд амжилт хүслээ.
Газарзүйн ухааны доктор Б.Сайнбуян төгсөгчдийг төлөөлж үг хэлсэн юм. Тэрбээр “Биднийг энэхүү эрхэм хүндтэй эрдмийн зэргийг гардан авахад гол үүрэг гүйцэтгэж, эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан эрхэм хүндэт эрдэмтэн, багш нар, мөн бидний судалгааны ажлыг удирдсан, зөвлөгөө өгсөн багш нартаа гүнээ талархал илэрхийлье. “Мөрөөдөл ид шидээр биелдэггүй. Хөлс хүч, зорилго, шаргуу хөдөлмөрөөр биелнэ.” хэмээх үгний утга учрыг бид өнгөрсөн хугацаанд биеэр мэдэрч, тууштай шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг өнөөдөр бид хүртэж байна. Одоо бид илүү ихийг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө сурсан мэдсэн зүйлээ ашиглан, улам хичээн, шаргуу хөдөлмөрлөх ёстой юм. Цаашид “Сурсан эрдмээрээ баян чинээлэг амьдрахын төлөө” шударгаар хөдөлмөрлөж, МУИС-ийнхаа нэр төрийг өндөрт өргөж явах болно гэдгээ эрхэм хайрт сургуулийнхаа индэр дээрээс нийт төгсөгчдийнхөө өмнөөс илэрхийлж байна” гэв.