Дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа эрүүл мэндийн төсөл санаачилжээ
Огноо:“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмаа “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр "Элэгний B,C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн номын санд сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад 150 гаруй хүн хамрагдаж, элэгний өвчлөлтэй холбоотой статистик мэдээлэл, элэгний үүрэг, элэгний хавдар болон В вирус дамжих шалтгаан болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хуваалцжээ.


Мөн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийн хүрээнд Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд буй аж. Үүнд,
- Хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл, амьдралын хэвшилд сургах чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны аян зохион байгуулах
- Өсвөр үе, оюутан, залуучуудаас үе тэнгийн сургагч багш, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэж, тэдгээрээр дамжуулан хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
- Эрхэлсэн ажил, амьдралын хэв маяг, зан үйл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хепатитийн В вирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг хепатитийн В вирусын эсрэг сэргийлэх тарилгаар дархлаажуулах арга хэмжээг байгуулах
- Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай хүнийг хагалгаанд оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах
- Хепатитийн В вирусын халдвартай эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор төрсний дараа 24 цагийн дотор нярайд хепатитийн В вирусын эсрэг вакциныг иммуноглобулин (HB-Ig)-тай хавсарч хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх