С.Дулам “Монгол хэлний шинэ хэрэглээ”
Огноо:Эх сурвалж: http://www.wikitoli.mn/
С.Дулам доктор (Sc.D), профессор (СУИС)
Монгол хэлний шинэ хэрэглээ
Их Британийн эрдэмтэн Пол Мелларс эртний хүмүүсийн хөдөлмөрийн багаж зэвсгийг судалсан судалгаандаа үндэслэн ойролцоогоор нэг буман жилийн (100000) өмнө авиагаар утга ялгадаг хүмүүний хэл үүссэн гэж тооцоолжээ. Ийнхүү энэ цаг үед орчин үеийн хэл үүсч, хүн төрөлхтний хувьд гайхамшгийн өөрчлөлт болжээ. Юуны өмнө олон төрөл зүйлийн хөдөлмөрийн багаж зэвсэг гарсан нь хүмүүний тархины хөгжил, сэтгэлгээний баялаг олон талыг харуулна. Үүнийг одоогийн ямар ч шинжлэх ухаан, технологийн ололттой харьцуулах аргагүй агуу их үйл явдал гээд нэрлэчихэд маргах хүн олон гарахгүй болов уу. Бидний бодлоор үүнээс нэг их хождохгүй цаг хугацаанд өвөг алтай, өвөг монгол хэлний авиагаар утга ялгах ёс үүссэн гэлтэй. Үүнийг монгол хэлний эгшиг авианы солонгон задлагаар л баталж болмоор санагддаг юм. Тухайлбал, оршихуйн утга бүхүй “а-“ хэмээх эгшиг авиа суурь нь болоод тагнайших, уруулших хоёр үзэгдлээр хувирснаас хагас тагнайшсан “э”, хагас уруулшсан “о”, бүтэн тагнайшсан “и”, бүтэн уруулшсан “у”, бүтэн уруулшаад бүтэн тагнайшсан “ү”, бүтэн тагнайшаад бүтэн уруулшсан “ө” эгшиг авианууд дараалан үүсч, оршихуйн олон талыг илтгэсэн эгшигийн солонгон задлаг болдог болов уу хэмээн хувьдаа боддог. Гэхдээ миний бие мэргэжлийн авиа зүйч биш болохлоор өөртөө л ингэж таамнадаг юм. Энэ долоон эгшгийн солонгыг нэгэн ижил бүтэц дээр бүр ч тод харж болно. Жишээ нь: бамбагар, бэмбэгэр, бумбагар, бомбогор, бөмбөгөр гэхэд уг юмны орон зай, талбайн хэмжээ, чанар байдал нь аажмаар хумигдан утга нь өөрчлөгдөж буйг та бүхэн анзаарч байгаа байх. Австрийн хэл шинжлэлийн гүн ухаантан Л.Витгенштейн «Хэл сэтгэлгээ хоёр нэг юм. Тиймээс сэтгэлгээний тухай бус ердөө л хэлний тухай ярих нь хавьгүй үр дүнтэй» гэсэн нь үнэхээр шинжлэх ухаанч зарчим санагдаж байна. Хүн өөрийн сэтгэж бодож, төсөөлж буйгаа хэл яриагаараа бусдад дамжуулж тэдэнтэй харилцдаг.
Иймээс аль ч хэл тухайн ард түмний соёлыг бүтээж, ертөнцийн зураглалыг зурж, хадгалж, тээж, уламжилж дамжуулж байдаг. Жишээ нь, эскимос үндэстэн “цас”-ны өнгө, ширхэг, гялгыг ялгаж нэрлэх маш олон үгтэй байдаг нь тэдний аж төрдөг байгаль-газарзүйн онцлог, тухайн зүйлийг таньж мэдсэн мэдлэг, соёлтой нь холбоотой байна. Хятад, япон, солонгос хүмүүс тутарга хэмээх “цагаан будааг” тарих, хураах, арчлах, хямгадах талын олон арван үг хэллэгтэй байдаг нь тэдний аж зуулгын гол хэрэгсэл, түүний тухай соёл, мэдлэгтэй нь холбоотой гэсэн үг. Тэд бас уламжлал ёсоороо ураг төрлийн олон арван нэршилтэй юм санж. Гэтэл одоо үед тэдний ураг садны нэршилд өөрчлөлт гарч, мартагдан үгүй болж буй нь гацаа тосгоны аж амьдралаас томоохон хот суурины аж төрөлд шилжиж, хятадаар жишээ авахад айл болгон нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлсний үрээр, айлын ганц хүүхдэд “ах, эгч, дүүс” гэж хэлэх хэрэгцээ байхгүй болсонтой холбон ойлгож болох ажээ. Томоохон гол мөрөн, тэнгис далайн хөвөөнд орших ард түмэн загас, далайн амьтад, далайн хүнстэй холбоотой үг хэллэгээр баялаг байдаг нь мөн тэдний аж амьдрал, соёлтой холбоотой юм. Сонирхуулахад, гучаад жилийн өмнө Францын Атлантын далайн эрэг хавийн Руан хотын хаяаны нэгэн хясааны аж ахуйд зочлоход тэд хясааг хэрхэн амтархан хүнсэлдэг өөрийн соёлтой агаад түүндээ тохирсон олон багаж зэмсэгтэй байж билээ. Эхлээд хясааны хатуу хавхлагийг онгойлгох нэг багажаар нээж, хавхлагийн арай гүн хонхорхойтой талд нь нялцгар биетийг шүүстэй нь үлдээж байгаад уруулаа нямбайлан цорвойлгож хавхлаг дахь шүүсийг нь нэгэн амьсгаагаар сорно. Тэгээд нялцгар биет нь үлдэхээр нь нэг пагдгар сэрээрхүү юмаар түүнийг өлгөн татаж аваад гурав эргүүлсний дараа хавхлагаас мултарч ирэнгүүт амандаа хийж удаан гэгч амтархан зажилна. Тэгээд араас нь цагаан дарсаар даруулна. Ингээд бидний гайхуулан ярьдагаар тэр нутгийнхан тансаглаж байгаа нь тэр. Бидний хувьд бол нэр хэцээж, хүний нүд хариулан нүдээ тас аньж байгаад гүрэлзүүлэн байж арай чарай хоолойгоор давуулна. Муу хүн идсэнээ ярихад ийм байна.
Харин монгол хэлний тансаг баялаг нь мал ахуйн соёлтой нь холбоотой байдаг. Зөвхөн малын бие бүтэц – анатомийн талаар гэхэд хоёр эрхтэнтэй буюу эр эмийн саармаг шинжтэй малыгбөөрдөн хонь, гооцг[x]он ямаа, эрмэг адуу гэхчлэн хэлдэг байна. Харин эр бэлгийн нэг төмсөг нь гэдсэн дотроо далд, нөгөөх нь ил малыг засъя гэхэд засч болдоггүй тул татанхай гэдэг бол судас нь дутуу авагдсан, өрөөсөн төмсөгийг нь авсан малыг асман гэдэг. Гэтэл одоогийн мал сул ястай болоод байна. Урьд илүү хавиргатай мал гэж байдаг байсан бол одоо сул ястай нь олон болсон ажээ. Гуяны чөмөг яс муутай морь хурдалж чадахгүй болдог, энэ нь идэш тэжээлтэй холбоотой ясжихгүй байна гэсэн үг.[1]
Манай монгол хэл улс төрөөс ямагт шалтгаацдаг хэл гэж хэлж болно. Манж-Хятадын эрхшээлд байх цагт манж, хятад, төвд үгийн үер бууж байсан. Хуучин ЗХУ-ын эрхшээлд байхад орос үг хэллэгийн “моод” гээч юм орж ирсэн. Хэл шинжлэлийн эрдэмтэд аливаа хэлний 15-20 хувийг гадаад үг хэллэг эзэлж байвал тухайн хэл мөхөх аюулд орно гэж дүгнэдэг. Гэтэл манайд орос хэлний үг хэллэг ноёрхдог байх оргил үе буюу 1993 онд явуулсан судалгаагаар монгол хэлний 30 хувийг харь гаднын үг хэллэг эзэлдэг гэсэн үзүүлэлт гарсан байна. Социализм, коммунзм гээчийг байгуулж байх цагт “их Лениний хэл” гэж орос хэлийг бусдаас дээгүүрт тавьдаг тэр чинээгээрээ цөөнгүй орос-европ үг монгол хэлэнд орж иржээ. Нэг үе орос хэлгүй хүн удирдах албан тушаал, олигтой алба ажил хашдаггүй, сайн мэргэжилтэн гэж хэлэгддэггүй байж билээ. Ажилтан, албан хаагчдын мэргэжлийн шалгаруулалт (аттестатчлал гэх), яамны шалгалт, хэлтсийн үзлэг, байгууллагын шалгалт, нэрэмжит шалгалт сорил гээд бүхий л шалгалтанд орос хэл заавал орно. Түүнчлэн сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтын нэг нь заавал орос хэл байна. Ерөнхий боловсролын дунд сургуульд 4-р ангиас эхлээд төгсөн төгстөлөө орос хэл үздэг байсан үе бий. Манай ихээхэн дарга нар “заак”, “вот так” гэж яриагаа эхлэдэг байсан нь нэгд орос хэлний зохих мэдлэгтэйгээ харуулж буй, нөгөөтэйгүүр ЗХУ-ын анд нөхөр, ах дүү нь гэсэн улс төрийн байр сууриа илэрхийлж байгаа хэрэг. Социализмын үед нутагшсан үй олон үгний жишээ нь, стол – уул нь ширээ, лимоны шүүс – уул нь нимбэгийн шүүс (зарим нь ч бүр ямааны шүүс гэчихдэг), шприц- уул нь тариур, аптек – уул нь эмийн сан, кассет – уул нь хуурцаг, район – уул нь дүүрэг, градус – уул нь хэм, горшонк – уул нь хөтөвч, конверт – уул нь дугтуй, консерв- уул нь нөөш (идэш гэдэг шиг нөөж иддэг хүнс, загасны нөөш) гэх мэт… Олон мэргэдийн хичээл зүтгэлээр эдгээр үгийн нэлээдийг монголчилж аваад буй нь юутай завшаан. Үй олон орос үг орж ирснийг зүй ёсны юм гэлээ гэхэд “ширээн дээр хэвтэж байгаа үзэг”, эсвэл “зогсож байгаа халуун сав”, “хэвтэж байгаа таваг” гэж ярьдаг хүмүүс бидний дунд олширч эхэлснийг юу гэж үзвэл зохилтой вэ? Энэ тохиолдолд зөвхөн хэл саармагжиж байгаа тухай ярих нь багадаад, сэтгэхүй бас эрлийзжиж эхэлж байна гэсэн үг. Тэр үед нэг иймэрхүү хошин яриа дэлгэрч билээ. Хоёр монгол залуу “Вокзалын буфетенд орж стакан пиво ууцгаая” гэж ярихыг хажууд нь суусан орос эр сонсоод орчуулгагүй ойлгож төмөр замын өртөөний лангуунаас тэдэнтэй хамт шар өсөг авч шилэн аягаар уусан тухай нэг танил маань ярьж байсан сан. Олон арван жилийн турш оросоос өөр гадаад хүнтэй нөхөрлөж үзээгүй монголчуудын хувьд орос монгол хэлээр хольж хутгаж ярих нь ерийн үзэгдэл төдийгүй, их л “соёлтой” хүний шинж болж билээ. Ямар сайндаа “Учиртай гурван толгой” дуурийг орос монголоор
Ийм два птиц шиг Ижилсээд дуваалаад сажийя Ингэж сажийхаас илүү Счастья где байх юм бэ…
гэж дуулж байхав дээ гээд манай Т.Галдан абугай харуусдаг сан. Мэдээж бид орос хэлээр дамжуулж дэлхийн соёлтой танилцсанаараа бахархдаг. Гагцхүү хэл сэтгэлгээгээ саармагжуулж сааралтуулж байсныг л шүүмжлээд байна. Энэ хоёр нь их ялгаатай ойлголт гэдгийг та бүхэн маань анхаараасай билээ.
Ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлснээс хойш Монгол орны гадаад харилцаа өргөжихийн хэрээр ганц орос хэлний мэдлэг учир дутагдалтай болж, бусад гадаад хэл, тэр дундаа англи хэлний хэрэглээ шаардлага өссөөр байна. Сургуулиудын хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зайлшгүй судлах гадаад хэл нь англи хэл болсноор орос хэлийг үзэлгүй төгсөгчид олширч, ажилгүй болох шахсан орос хэлний мэргэжилтнүүд англи хэл судалж эхэлсэн нь саяхан. Орос хэлгүй бол боловсролгүй гэж тооцогдож байсан үе өнгөрч, англи хэл монголчуудын аж амьдралд эргэлт буцалтгүй бүр өдөр тутмын хэрэглээ болон түрэн орж иржээ. Аль ч байгууллагад ажилд авахдаа “Англи хэлтэй”, “Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй”, “Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай” гэсэн шаардлагыг тавьдаг болсон байна. Англи хэлгүй л бол ажил олдохгүй л гэсэн үг. Байгууллагын үйлчлэгч, хоолны газрын зөөгч хүртэл англи хэлтэй байх хэрэгтэй болж. Байгууллага бүрийн онцлог, ажлын байранд тавигдах шаардлага гэж байлгүй яах вэ. Гэхдээ ингэж нийтээрээ хэтэрхий туйлширч арай л болохгүй санагдана. Ардчиллын буянаар нээлттэй чөлөөтэй нийгмийн дунд аж төрдөг болсноор оффис (албан газар, ажлын өрөө), супер (онцгой), баар (уушийн газар), имиж (дүр төрх), элит (дээдсийн, шигшмэл), эко экологи (амь ахуй), мансард (давхарлиг, асарлиг), маркет (зах зээл), вакуум (хоосон зай, тусгаар орчин), памперс (живх үүхдийн, живхэнцэр хүүхдийн), монополь (онц эрх), схем (бүдүүвч), такс (татвар), рулет (хуйлмал бялуу), хаус (байшин, гэр угсаа), хотел (буудал), таун (хот, хороолол, chinatown – хятад хороолол), конштракшн (барилга байгууламж), энтертайнмент (цэнгээн, үзвэр, цэнгээнт нэвтрүүлэг мэтийн), лизинг (зээл түрээс), моргеж ([үл хөдлөхийн] барьцаат зээл), акци (ажиллагаа), аукцион- окшн (дуудлага худалдаа), меню (цэс), бойлуур (уурын тогоо, буцалгуур), интернет (цахим өртөө, цахимсүлжээ), интерьер (дотоод засал), экстерьер (гадаад засал), кайф (тайтгарал), канон (хувилагч), нотариат (нотолгоо, нотлох газар), PC game (цахим наадгай), мотел (дэн буудал, замын дэн буудал), гладиатор (мэсчин боол), рыцарь (хүлэг баатар), амазонка (бод эм)… гээд хөвөрч гарах бөгөөд нөгөө социализмын үеийн хэдэн орос үгнээсээ хэд дахин давсан гадаад үг хэллэг эх хэлэнд маань чимэг гэхээсээ согог нэмсээр байгааг яах сан билээ. Бид өнөөдөр лифтээр бууж, подъезоор гараад, автобусанд сууж, асфальтан замаар алхалж, интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, дисконд шоудаж, паб-д стрессээ тайлж, кайф аваад, караокедож хонодог… болоод удаж байна. Элэг сэтгэл нэгт монгол залуус аа, тэгвэл бид цахилгаан шатаар бууж, орцоор гадагш гараад, цардмал замаар алхлан, зөөврийн тэрэгт сууж, цахим өртөөгөөр халз ярилцаж, зах дэлгүүрт наймаа хийн, цэнгүүнд хөгжилдөж, уушийн газарт бухиндлаа сэгсэрч, сайхан тайтгарч аваад, харуудууд дуулж хоновол яаж байна. Хэлэхэд их хэцүү байна уу, эсвэл ойлгомжгүй байна уу? Ромын эзэнт гүрний алдартай удирдагч Цезарь буюу Кесарыг анх эхийнх нь хэвлийг ярж эх барьж авснаас эхэлсэн кесарово хагалгааг бид “хийсвэр хийлгэх” гээд монголчилж чадсан юм чинь зураг дүрс, дууных нь үгийг харуулж байгаад дуулдаг караокегхаруудуу гээд монголчлоход юу нь гарзтай байна аа. Миний аав ээж радиог араажав, киног хянуу, телевизийг зурагт гэж ярьдаг улс байлаа. Би багадаа араажаваар тэгж ингэж ярьсан гээд байхлаар нь “тэр Араажав гуай яасан их юм мэддэг хүн бэ” л гэж боддог байлаа. Энэ чинь л жинхэнэ монгол хэлний хууль жамаараа явж байсныг бид нэг их хоцрогдсон бүдүүлэг юм гэж ойлгоод боловсон болгож радио, кино, телевиз болгочихож, уг нь хэлний жам хуулиараа бол эхнийх нь боловсон соёл байсан байхгүй юу даа. Бусад оронд ч гэсэн ийм ёс бий. Парист метро анх гарахад германчууд Untererdische Bahn буюу газар доогуурхи төмөр зам гэж нэрлээд өнөөдөр түүнийгээ товчлоод U-Bahn болгочихсон бол гудамжаар явдаг төмөр замын трамвайг Strassen Bahn буюу S-Bahn болгоод товчилчихсон тууж явна. Бид болохоор яагаад ийм уян налархай сэтгэлгээ гэж байдаггүй юм. Одоо удахгүй манай дарга нар хэлсэн ярьсандаа хүрээд Улаанбаатар метротой болчихвол би гадоо гэж нэрлэх саналтай байна. “Юугаар ирэв? Гадоогоор ирлээ” гээд яръя л даа. Тэртэй тэргүй англиар ч гэсэн Underground гэдэг биз дээ. Шинээр бий болох зүйлийг тосгуулаад нэрийг нь бэлтгэж сурцгаая л даа. Дашрамд дурдахад, монгол хэлний “зөөх, тээх”, “зөөвөр, тээвэр” гэдэг үгс уул нь утгын хувьд ялгаатай бөгөөд хүн зөөх, ачаа тээх гэж амьтай амьгүйгээр нь ялгадаг юм сан, одоо болохоор хүн тээвэрлэх гэж ярих гээд байгаа нь амьдын хар нүгэл буюу.
Харин өнөө үед бид эх хэлнийхээ хэдэн хувьд нь гадны үг хэллэг хэрэглэдэг болох талаар тодорхой судалгаа алга байна. Нэмэгдсэн үү гэхээс, хасагдсан гэх боломж лав байхгүй. Эх орондоо төрөлх хэлээрээ ярьж байгаа атал Hi залуу (хайя залуу гэвэл монгол хүнд “морь минь сайн уу” гэж ойлгогдоно, адууг хайя гэдэг болохоор), намайг sorry (намайг соръё гэж ойлгогдоно, юун ч соруулах дуртай юм), танай бэби Баттай copy-дчихсан юм шиг адилхан юм аа, энэ үдэш nice байна, today юу хийх вэ?, шоудах уу?, тэр Болдын улаан фэн шүү дээ … гэж ирээд л ярина.
Бусад оронд эх хэлээ хамгаалах талаар ямаршуу яриа хөөрөө өрнөж байдгийг сонирхуулахад илүүдэхгүй болов уу. Энэ нь их бага гэлтгүй бүх л газар өрнөж байдгийг томоохон их гүрэн манай урд хөршид иймэрхүү нэгэн маргалдаан болсоор байна. Хятад хэлэнд англи үг хольж хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Эх хэлний цэвэр ариун байдлаа хадгалахын тулд тийм хэрэглээг түргэн таслан зогсоох хэрэгтэй гэж Хятадын шилдэг орчуулагчдын нэг мэдэгджээ. Оkay, bye-bye, nice, modern, guitar, DVD, MP3, CEO гэсэн англи үгнүүд хятадуудын өдөр тутмын амьдралд хэрэглэдэг үг болсон. Үүнд анхаарлаа хандуулахгүй бол хэдхэн жилийн дараа хятад хэл эрлийзжихэд ойр байна гэж Орчуулагчдын олон улсын холбооны дарга Хуан Юуи хэлжээ. Эх хэлэндээ англи үг хэт их хэрэглэх нь хятад хэлний ирээдүйг устаж мөхөх аюулд хүргэж болзошгүй гэж Хуан ярьсан байна. Хятад улс Өрнөдийн соёл, хэлний урсгалаас өөрийн хэл, соёлоо хамгаалах зорилгоор Хятадын кино театрууд жилд гадаадын 20 киног дэлгэцнээ гарахыг зөвшөөрдөг аж. Үүнээс гадна дотоодын интернэт хэрэглэгчид Youtube, Facebook, Twitter зэрэг вэб хуудас хэрэглэхийг хоригложээ. Гэвч бид иймэрхүү хориглох аргаар Хятадтай ижилсэх албагүй л дээ. Хятад шиг хэт их гүрэн дээрх цөөхөн үгний төлөө ийн бухимдаж байхад хэлээрээ багтахгүй харь үгтэй болчихоод буй бид хэрхэх ёстой вэ? Одоо хятадууд ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн гарч ирэнгүүт түүнийг нэрнээс нь эхлээд заавал хятадчилж, танилцуулга бичиж хэвшүүлж байж худалдаанд гаргадаг журам тогтоод байна.
Монголын үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар Мөрөн хотод суудаг Д-гээс Улаанбаатар хотод суудаг танил анддаа ийм нэгэн цахим мэндчилгээ илгээсэн байна.
Алсалж буй снейк жилээ
Амжилт бүтээлээр үдэж
Ирж буй хорс жилээ
Инээд хөөрөөр угтаж
Төрлөөрөө төвшин найс
Бултаараа буянтай хаппи
Айл хотлоороо нуль парти
Алт мөнгө авдраар фүүл
Хямдралыг шаанс болгож
Эвридей энх тунх
Энитайм эрүүл саруул
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
гэнээ.
Хөгжилтэй гэхлээр багадах, хөгийн гэхлээр ихдэх ийм мэндчилгээ бол орчин үеийн монгол хэлний шинэ хэрэглээ гэгчийн сонгодог үлгэр жишээ болоод байна. Адаглаад цагаан сараараа шүү. Энэ маань инээдэм биш ханиадам, ирээдүйн монгол хэлний журам болчих вий гэж мэдрэгдээд ярьж байна. Тэгээд ч цагаан сарын бэлгэ дэмбэрлийн үг маань
Бензeндээ бензинтэй
Виза картандаа валюттай
гэсэн шүү болж байгаа юм байж. Миний ингэж илтгэж байгаа маань хүртэл нэмж гай тараад энд суугаа зарим нэгний амны уншлага болчих вий гэж хүртэл зовниж л сууна.
Монгол хэлний шинэ хэрэглээ гэж ярихдаа би зөв, буруу хоёр зүйлийн хэрэглээ байгааг ярих гэсэн юм. Эхлээд хэлний анхдагч төвшин болох авиа зүйн асуудлаар ямар зүйлийн зөв буруу хэрэглээ буйг аваад үзье. Монгол хэлний эгшиг зохицох ёсны хууль гэж юм байдаг. Эр эгшгээр эхэлсэн үгнүүд нь эр эгшигээр төгсдөг, эм эгшигээр эхэлсэн үгнүүд нь эм эгшигээр төгсдөг хуулийг бага сургуулийн бүх сурагчид мэдэж байгаа. Гэтэл энэ хуулийг зөрчиж ярьдаг УИХ-ын эрхэм гишүүн байгааг та бүхэн телевизээр ярихыг нь анхааралтай ажиглаад үзвэл энэ хүннэгдугаарт гэсэн атлаа хоёрдүгээрт гэж ярьж байгаа. Өнөө монгол хэлний эгшиг зохицох хууль болохоор энэ гишүүнд падлийгүй ажээ.
Өнөөгийн хэвлэл мэдээллийн бичгийн болон ярианы хэлэнд “УИХ дээр хэлэлцэгдэж байна, хөрөнгө оруулалт хийгдэж байна, ажил зохиогдож байна, хүндэтгэл үзүүлэв, барилдаан үзүүлэв, тоглолт хийгдэв, зохиогдов…” гэх мэт ойлгомжгүй, үйл үгийн идэвхгүй хэв голлосон өгүүлбэр олширсоор байна. Бэртсэнийг бэртэлт авах, өвдсөнийг өвдөлт өгөх, бөмбөг давуулахыг бөмбөг давуулалтад оруулав, хүчтэй цохив гэдгийг хүчтэй цохилт хийв, ялагдаж, дийлдсэнийг буулгаж авав гэж ярих болж, “уступил” гэдэг орос үгийг орчуулж байгаа нь тэр. Бууж өгнө гэдэг чинь тэмцэлгүй, тэмцээгүй аргаа барж, гараа өргөөд, хэлээ гаргаад, цаг тугаа мандуулаад ялагдсанаа хүлээхийг хэлдэг биз дээ? Нударган зодоонд гэдэс рүү нь цохихыг, “гэдсэн дээр нь ажиллаад өг!” гэж дасгалжуулагч тамирчиддаа зөвлөж байх юм. Мөн газар хөдөлснийг газар хөдлөлт болов, битүү цастай гэхийг цасан бүрхүүл их байна, уулаараа шамаргатай гэхийг нойтон цастай /мокрый снег гэсэн орос өгүүлбэр/, хүүхэд хуурайлахыг нойллох хэмээн ярих болжээ. Мэдээллийн хэрэгсэлийн албатууд бол эх хэлээ цэвэр ариун байлгах үйлсийг үлгэрлэн манлайлах үүрэгтэй, тиймээс экс ерөнхийлөгч Багабанди (уул нь ерөнхийлөгч асан, нас барсан бол ерөнхийлөгч агсан), спикер Энхболд (уул нь их хурлын дарга), генсек Эрдэнэбат (ерөнхий нарийн бичиг), пост социализмын орнууд (социализмын дараах), сюрприз барина (гэнэтийн бэлэг, гайхам бэлэг), шопинг хийнэ (юм авна, наймаа хийнэ) гэх мэтээр чамирхан ярьж бичихээ больцгооё, зөвхөн эдгээр үгийг гэхэд л монголоор юу гэдгийг та бүхэн бүгд сайн мэднэ, монголоор нь олон түмэн ч түвэггүй ойлгоно. Хамгийн урхагтай нь хараахан эх хэлний хөрс суугаагүй мэдлэг нимгэн сурагчид, оюутан залуучуудын чихэнд эдгээр үг хоногшиж, тэд юуны ч учрыг ололгүй сохроор даган дуурайж гаж буруу ярьж бичдэг болж байгаад оршино.
Энэ удаа монгол хэлээрээ буруу ярьж байгаагийн сонгодог нэгэн жишээг хэлье. Манайхан ямар ч шаардлагагүй хэрнээ байнга хэрэглэх болсон “Аймаар, аягүй” гэдэг хоёр үг бий. Энэ нь “аягүй сайхан”, “аймаар гоё” гэж ярих юм. Та амсаад үз аягүй гоё гэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ? Аймаар зэрлэг догшин, Аягүй муухай үнэртэй гэж хэлэх ёстойгоос биш сайхан муухай хоёрыг нэг дор хутгалдуулах учиргүй биз дээ. Дээрх үгийг манай зурагтын ярилцлагад хөтлөгчдийн амны уншлага, “жижүүрийн үгс” болсон байна. Хөөрхөн юмнаас айх гэж байх уу, аягүй атлаа гоё сайхан юм гэж байх уу. Монгол улсын гавьяат цол хүртээд ёслолын танхимаас гарч ирж байгаа хүнээс сэтгүүлч сэтгэгдлээ хэлэхийг хүсэхэд “ёстой аягүй их баярлаж байна” гэж хэлэхийг мөн ч их сонсох юм даа. Яахав баярлаж хөөрөөд түүнтэй мантай л байдаг байх л даа. Гэхдээ л эл бүхэнд эцэг эх, цэцэрлэг, сургуулиас эхлээд төрийн оролцоотойгоор хойч үеийнхээ үр хүүхдийг зөв хэлж ярьж сургахад нь эртнээс анхаарууштай байна.
Харин монгол хэлээ “буруу хэлж зөв ойлгодог” гэж тайлбарлаад буруу хэлж, буруу ойлгодог болсон нь харамсмаар… Манай сайд дарга нар маань ядаж дунд боловсролтой баймаар юмсан. Тооны ухаанд аливаа тоог нэгээр үржүүлэхэд уул тоо хэвээр байна гээд заалгасан л баймаар юм. Гэтэл хоёр дахин гэж хэлэх юмаа “нэг дахин нэмэгдүүлнэ” гэж ярьцгаах нь үнэнээсээ мэдэхгүй байна уу, эсвэл хожим амлалтаасаа бултаж булзах гээд дамшиглаад байна уу. Хэдэн жилийн өмнө намайг УИХ-д суудаг байхад байнгын хорооны хурал дээр зам тээвэр хариуцсан сайд маань “мянганы замын босоо тэнхлэг, хэвтээ тэнхлэг” гэж ирээд л ярьлаа. Тэр үед би сайдаас “за сайд минь бид эхлээд нутаг дэвсгэр дээрээ хөндлөн гулд замуудаа тавьсны сүүлээр л болдог юм бол тэр босоо замаа сар нар луугаа тавьбал яасан юм” гэж асууж байлаа.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн угсаатныг нэрлэхдээ -чууд, -чүүд, -ууд, -үүд гэсэн олон тооны дагавар хэрэглэсээр ирсэн билээ. Жишээлбэл: оросууд, солонгосчууд, америкчууд, энэтхэгүүд, хятадууд гэхчлэн хэлж нэрлэдэг. Харин аль нэгэн улс орны дотоод дахь аймаг, хошуу, хот балгадын оршин суугчид буюу нутаг нугынхныг олон тоонд хамаатуулан нэрлэхдээ -хан, -хон, – хэн гэсэн арай бэсрэг тоо хэмжээг илэрхийлсэн хамаатуулах дагаврыг хэрэглэж ирсэн уламжлалтай. Жишээлбэл: хотынхон гэхээс биш хотчууд гэдэггүй, манай нутгийнхан гэхээс манай нутагчууд гэдэггүй, Баянхонгорынхон, Хөвсгөлийнхөн, Дорнодынхон, Булганыхан, Архангайхан, Бээжингийхэн, Парисынхан, Лондонгийнхон, Сайн ноён ханыхан, Жонон бэйлийнхэн, Баянбулагийнхан, Улаанбаатарынхан гэх мэт. Гэтэл өнөөгийн монголчууд бид Улаанбаатарчууд (Улаанбаатарынхан), Төв аймагчууд (Төв аймгийнхан), Бээжинчүүд (Бээжингийнхэн), Дарханчуул (Дарханыхан) гэх мэтээр олон тоонд хамаатуулах нь “орос хэлнээс монгол хэлнээ уламжлагдсан гаж хэллэг юм”. Өнгөрсөн зуунд монголчууд оросын соёл, иргэншилд живж байхдаа боловсрол нимгэн, ухвар мөчид хурган, бяруун дарга нар дээдэстээ долгинож ая тал засахдаа орос хэлний “москвичи” гэсний -чи, “ленинградцы” гэсний -цы, иркутяныгэсний -яны зэрэг олон тоонд хамаатуулах дагавруудыг монгол хэлний –чууд, –чүүд, –ууд, – үүд гэсэн олон тооны дагавартай шууд тулган хэрэглэсээр хойч үеийнхээ хүүхэд залуучуудад засах, залруулахад төвөгтэй гай чирсэн нь энэ. Үүнээс болоод улс орон, аймаг хошуу, хот суурин, нутаг нугынхнаа олон цөөн, цар хүрээгээр нь ягштал ялгадаг дагаварууд хоорондоо холилдон бантан болсон ажгуу. Энэ бол ичмээр, гутмаар зүйл төдийгүй он жил улирах тусам монгол хэлийг минь бохирлох хорт “нян” өсөн үржихийн муу цондон гэдгийг тунгааж цаг алдалгүй засаж залруулах учиртай билээ.
Энэ бүхний хэт оройтоогүй дээр засч залруулах зарим арга замыг дурдая.
- Төр засгийн талаас нэгэн цаг үед бидний гурван жил хөөцөлдөж байж чадан ядан гаргасан “Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг” цаашид боловсронгуй болгож, дэлхий дээрх жишиг хууль болох франц хэлний хуулийн энд дүйцэх нэгэн хууль гаргах. Дашрамд дурдахад цаг түүхийн тоосонд булагдан мартагдах гээд байгаа нэгэн үйл явдлыг сануулахад УИХ-ын гишүүн болсны маргаашаас эхлэн бидний хөөцөлдсөн “Эх хэлний тухай хууль” маань бидний бодож төсөөлсөн шиг тийм ч амархан бүтчихдэг зүйл биш болох нь мэдрэгдсэн бөгөөд энд цөм л монгол эхийн сүү хөхөж өссөн, монгол төрийн түшээ нэр суугаа учраас түвэггүй бүтнэ гэж бодож байсан маань санасны гарз болж, ялангуяа гол зам явах олгодог хууль зүйн яаман дээр очингуут л ийм хууль хэрэгтэй хэрэггүй дээрээ тулж, олон жил саатуулсан агаад “Монгол улсын үндсэн хуулинд” “Монгол улсын төрийн албан ёсны хэл нь монгол хэл байна” гэснийг гул барьж байж бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн ямар ч байсан ийм нэртэй нэг хуультай болж аваад салсан юм шүү. Энэ зовлонг мэдэхгүй зарим нэг нь өнөөдөр миний хууль эрхийн мэдлэг тааруу байсантай холбон цэцэрхэж байхыг сонсоод, анхны энэ хууль гараагүй байсан бол дахиад л хэлний хууль гэж юм хэрэгтэй хэрэггүй гээд дороо дэвхцэж байх байсан юм гэдгийг хэлье. Сайн муу нь хамаагүй нэг ийм хуультай болж байж дараа дараагийн шат руугаа авирч болохыг тэр үед бид ухаарсан билээ. Энэ хуулийг гол сөрөн зогсогч нар нь мөнөөх эд баялаг, их мөнгийг эрхшээсэн баячуудын төлөөлөгчид байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Тэд хүчтэй, нөлөөтэй, мөнгөтэй бид халаас хоосон атлаа зүрх сэтгэлтэй ийм том ялгаатай, хүч тэнцвэргүй тулаан болж байлаа.
- Хэлний зөв хэрэглээг сургуулийн өмнөх боловсролоос эхлэх учиртайг онцлон тэмдэглэж байна. Манай Монголын боловсрол хөгжилтэй орныхтой дүйцэхгүй байгаагийн нэг голлох шалтгаан нь сургуулийн өмнөх боловсрол сох дутсанаас болж байгаа гэдгийг мэддэг анзаардаг боловсролыг жолооддог дарга нар, боловсрол судлалтан байна уу, үгүй юү. Хөгжилтэй орнуудын хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролоороо уншиж ярьж сурчихаад сургуульд ороод байгааг, чухам энэ үед нь эх хэлнийхээ зөв хэрэглээг төлөвшүүлж байгааг мэдэцээдэг болов уу.
- Манай оронд хүчтэй өрнөж буй хотжилтой холбоотой бидний үр хүүхэд мах сүүнд нь дуртай атлаа таван хошуу малынхаа нэр, төлийн нэрс мэтийг онолдуулж тогтоох гэж үйл тамаа цайж байгааг бодолцон хавар, зуны амралтаар цөөхөн хэд хоног ч гэсэн мал төллөх цагаар юмуу саалийн цагаар сургуулийн сурагчдыг хөдөө гаргадаг заншилтай болмоор байна. Тэгж байж хурга ишиг майлахаар айж уйлдаг хүүхдийн тоо цөөрөх болов уу. Энэ нь хөгжилтэй орнуудын сургуулийн сурагчид амралтаараа түүх соёлын дурсгалт газруудаараа аялдаг тэр сайхан үйл хэргийн нэгэн хувилбар болог л дээ.
- Бага насны хүүхэд болон залуучуудад эх хэлээ сургах шинэ сэргэг сонирхолтой арга бидэнд дутагдаж байгааг мэргэжилтнүүд маань анхаарч хүчээ нэгтгэх цаг болсон байна.
- Хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг эх хэлний мэдлэгээр нь шалгалт авах, мэргэжлийнх нь үнэлгээнд оруулан зэрэглэл тогтоох, сургалт явуулах, шилдэгийг шалгаруулах ажил хийж эхэлмээр байна.
Монгол уран зохиол, аман зохиол, туульст бидний өнөөгийн хэлдэг үг хэллэгийн ихэнх нь бэв бэлхэн байж байдаг. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр мэддэг зарим нэгээ та бүхэнд хэлж өгье л дөө. “Хатагтай, ноёдын амрыг эрье” гэдгийг “Хаан амрыг амарчилж, хатан мэндийг мэндчилье” гэдэг ямар сайхан сонсдож байна гээч. Уучлаарай, манай монгол ёсонд гэрийн эзнийг түрүүлж хүндэтгэдэг ёстой болохоор “хаан амраараа эхэлж байхад” манай хатагтай нар тэрүүхнээс болоод бослого үймээн гаргахгүй байлгүй дээ. Айлыг Бат гуайнх гэх юмуу, Балгармаа гуайнх гэх юмуу. Доржийнх гэх юмуу Долгорынх гэх юмуу гэсэн асуулт гарна. Цайллагын төгсгөлд хуруувчин хундагаар конъяк хүртээхийг “дангийн улаан арзыг дараа дараагаар хүртээж” гэдэг. Дахин нэрлэгийн хатуу сархадыг монголоор “арз” гэдэг. Тэгээд царс модон торхонд удаан дарснаас хар аяндаан улаан өнгөтэй болдог, Францын Шарант мужийн Когняк (Cognac) тосгоноос гаралтай сархад юм шүү дээ. Нэг хэсэг манай орчуулагчид орос хэлнээс дамжуулж “Морь-Сарлаг” гэсэн байдаг авч энэ хоёр амьтан энд ямар ч хамааралгүй, зүгээр л Конь гэдэг нь Морь, Як гэдэг нь сарлаг гээд л орчуулчихсан хэрэг. Тэрэн дорхиноо улаан арз гэдгээ товчлоод улаарз гэвэл болоод явчихна. Үүнтэй төстэй аргаар виски бол шар арз буюу шарз, бальзам бол бор арз буюу борзболно. Өөр нэг сониныг дуулгахад монгол бөөгийн онгодын нэхэл үгэнд “архи шатам ууя” гэсэн хэллэг гардаг нь спирт чигээрээ буй хатуу сархадыг хэлээд байна. “Шатам” их уувал шатаж үхнэ биз дээ. Хэдэн жилийн өмнө “17 чингэлэг шатамын хэрэг” гэж гараад замхрав даа. Франц мэт европ оронд дайллага цайллага, оройн зоогийн өмнө өгдөг “apprêtive” хэмээх бага сага зоогийг монголоор “амсалган”, жаал жуулхан ундааг нь “шимшилгэн” гэдэг юм. Угтаа амсах, шимших гэсэн үгнээс гаралтай. Тэхлээр үүнийг амсалган шимшилгэн гэхлээр яг сайхан таарна. Төгсгөлд нь өгдөг дессерт гэгчийг “амттан шимттэн” гэвэл таарна. Газрын ойроор нь уух, идэх юмнаасаа эхэлж монголчлох санаа хэлж байгаа маань энэ.
[1] 2008. 11. 01-нд Хөвсгөл, Улаан-Уул сумын харьяат 70 настай Лувсандоржийн Чулуун, мөн Хөвсгөл, Улаан-Уул сумын харьяат, 82 настай, гал туулай жилтэй сахаа шарнууд овгийн Ишгэний Ламжав нараас бичиж авав. XVIII-XIX зууны эхээр Оросын алтны хайгуулчид сахаа нарыг авчирч, ажлын хямд хөлсөөр алт ухуулдаг, алтны ажил нь олз омогтой болмогц дархадаас залуусыг татаж ажиллуулаад зарим нь Сахаагийн хүргэн, зарим нь бэр болцгоосноос энэ овог үүсэв. Манай аавын аавын аав Аманжиг гэж сахаа хүн байв. Манай аав Галдан хаалгачийн хүү Төмөрбаатар гэж байв хэмээн И.Ламжав гуай хуучлав.