Э.Равдан, Ж.Пүрэв “Тав дахь үеийн цахимын хувьсгалаас үүдсэн Монгол хэл-соёлын тухай бодрол”
Огноо:Эх сурвалж: http://www.wikitoli.mn/
Э. Равдан доктор (Sc.D), профессор, Ж. Пүрэв доктор, профессор (МУИС)
ТАВ ДАХЬ ҮЕИЙН ЦАХИМЫН ХУВЬСГАЛААС ҮҮДСЭН МОНГОЛ ХЭЛ-СОЁЛЫН ТУХАЙ БОДРОЛ
Түлхүүр ойлголтууд: үүсмэл оюун, мэдээллийн технологи, техник хангамж, програм хангамж, цахимыг хэлжүүлэх, хэлийг цахимжуулах, мэдээллийн сан, мэдээллийн сангийн зэрэгцэл, тоон илэрхийлэл, бичвэрийг авиад, авиаг бичвэрт хөрвүүлэх, хүн-машины харилцан үйлдлийг хамгийн ерийн нөхцөлд ойртуулах, хэрэглээний програм, цахим байгууламж, шинжээч буюу эксперт програм, цахим орчуулга, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, харьцуулсан хэл шинжлэл
Товч агуулга: Орчин цагт хүн төрөлхтөн үүсмэл оюуны бүтээгдэхүүнээр өрсөлдөх болсон. Эл өгүүлэлд Японы тав дахь үеийн цахимын техник хангамж, програм хангамжийн эх загвар боловсруулах хүрээлэн ЮОТ-ийн цахимыг хэлжүүлэх, хэлийг цахимжуулах төслийн талаар өгүүлнэ.
Хүмүүний нийгмийн хөгжлийн ерөнхий чиглэл, үнэлгээ, үнэ цэнийн тухай ойлголт XX зууны сүүлийн 30 жилийн дотор нэлээд өөрчлөгдөв. Дэлхийн улс орнууд өмнө нь аль болохоор өргөн уудам нутгийг эзэмшиж, газрын хэвлий дэх эрдэс баялгийг эзэмших, үйлдвэрлэх хүчин болсон шинэ техник технологи бүтээх, эзэмших, түүгээрээ дэлхийн зах зээл дээр байр сууриа бэхжүүлж, улс орноо хөгжүүлэх зэрэг зорилт нэн тэргүүнд тавьж байлаа. Тэгвэл 1970-аад оны сүүлээс хүчирхэг улс орнууд, юуны өмнө үүсмэл оюуны (үүсмэл оюун гэж хүмүүний мэдлэгт суурилан үйлдсэн цахим машины сэтгэлгээ) бүтээгдэхүүнээр өөр хоорондоо уралдах болжээ.
Манай тооллын өмнөх IV зуунд Дорнын суут ухаантан Күнз “Цэргийн ухаан” шашдиртаа мэдлэгийг ухаант хаан, эрсдэлгүй довтолгоо, цусгүй өрсөлдөөнийг боловсруулсан гэгээрсэн жанжин, бусдаас төгс төгөлдөр үйлтэй дүйлгэн тодорхойлжээ. Эл санаа зуун зууны нугачааг туулж, Ерөнхийлөгч Мао, Дэлхийн II дайны үеийн Японы эзэн хаан Нави-н цэргийн эрхтнүүдийн үзэл баримтлал болж байв. АНУ иргэний дайнаасаа хойш 1980-аад онд армидаа хийсэн өөрчлөн байгуулалтад дээрх үзлийг эш үндэс болгожээ. Эл шашдирыг Нью-Йоркийн Худалдааны бирж хэвлэн, үүсмэл оюуны бүтээгдэхүүнээс илүү “үнэт бараа” эдүгээ зах зээлд байхгүй болов хэмээн нотолжээ. Энэ үнэнийг япончууд бусдаас эрт ухаарч, тав дахь үеийн цахимын хувьсгалын эзнээр тодорч, дэлхийн зах зээлд эдүгээ өрсөлдөж эхэлжээ.
(httр:www.atariarchives.com/creative/v10n8/103_The_fifth_generaty…)
Япон улс 1982 онд үндэс суурь нь тавигдсан тав дахь үеийн цахимын техник хангамж, програм хангамжийн эх загвар боловсруулах хүрээлэн ICОТ (Тhe Institute for New Generation Computer Technologies) өмнөх үеийн цахим урсгал аман яриа, бичвэр, бүдүүвч, зураг зэрэг тоон бус мэдээллийг төгс төгөлдөр боловсруулах чадамжгүй байсан тул түүнийг боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл цахимыг хэлжүүлэх (цахимыг ийм төрлийн мэдээллийг тоон загварт шилжүүлэх аргаар биш, харин тухайн мэдээллийг байгаагаар нь тодорхой хэлээр ажиллах горимд шилжүүлэх), хэлийг цахимжуулах (түүний тул хэлний бүтцийг машины үйлдэлд зохицуулан боловсруулах) үйлийг боловсронгуй болгох хэтийн зорилго тавьжээ. Дээрх зорилгоос үүдэн дараах асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх зорилт тавьсан байна. Тэр нь:
- өгөгдөл мэдээллээс үүдэн машин өөрөө дүгнэлт үйлдэх (жишээлбэл, өвчний түүх, өвчтөний зовуурь, олон төрлийн шинжилгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, онош тогтоох), мэдээллийн хэд хэдэн санг зэрэг ажиллуулж, логик үйлдэл гүйцэтгэх, шаардлагатай програмаа өөрөө зохиох, эдгээр үйлдлийг шинэ үеийн цахимын цөм үүрэг болгох,
- дээрх үйлдлийг бүрэн дүүрэн гүйцэтгэх үүсмэл оюуны техник хангамжийн үндэс суурийг (наад зах нь цахимын мэдээллийн багтаамж, хурд гэх мэт) гүйцэлдүүлэх,
- танин мэдэхүй хийгээд үүсмэл оюуны судалгааны ололтын загварыг ашиглан хүн-машины харилцан үйлдлийг хамгийн ерийн нөхцөлд ойртуулах (наад зах нь хүн санаагаа амаар илэрхийлэхэд машин түүнийг нь бичвэр болгох, бичвэрийг сонсох боломжоор хангах г.м.),
- “програм хангамжийн цоорхой”-г нөхөх үүднээс хэрэглээний програмыг бүтээж, програм хангамжийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх явдал болно.
(httр:www.wtec.org/loyola/kb/c5_s3.htm) зэрэг болно.
Японы тав дахь үеийн цахимын төслийн эхний шат 1993 онд өндөрлөж, хийж гүйцэтгэсэн ажлаа цэгнэн дүгнэжээ. Гол ололтыг нь товчоолон өгүүлбэл:
- аман яриаг бичгийн хэлбэрт, бичгийг аман ярианд хоёр тийш хөрвүүлэх үйлдлийг гүйцэтгэх чадамжид хүрсэн нь хүн машинтай харилцах харьцааг ерийн нөхцөлд ойртуулж, үсэг шивэх үйлээс хүнийг чөлөөлж, бичвэрийг зөвхөн унших төдийгүй бас сонсох боломжоор хангажээ. Энэ бол програм хангамжтай холбоотой шийдэл юм.
- Техник хангамжийн хувьд мэдээллийн хэд хэдэн сан зэрэгцэн ажиллах шаардлагаас улбаалан цахимын хүчин чадлыг, тухайлбал багтаамжийг 100-1000 GВ-д хүргэж, хурдыг асуултанд хэдэн хоромын хооронд хариулах мэдлэгийн бааз байрлуулах зэрэг боломжийг нээжээ. Өөрөөр хэлбэл, энд машиныг хэлжүүлэхийн тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.
- Хүн – машины үүсмэл харьцааг гүйцэлдүүлэх, түүнийг ерийн нөхцөлд ойртуулахын тул мэдлэгийн баазад 100000 үг (нэр томьёог оруулан), 2000 орчим хэлзүйн дүрэм, түүний 99 хувь нь өгүүлбэрзүйн дүрэм оруулжээ. IСОТ төслийн ЕDRP (Electronic Dictionary Research Project) дэд төслийн хүрээнд 9 жилийн дотор 100 сая $ -ийн хөрөнгө зарж, иж бүрэн толь бичгийг бүтээжээ. Толины үгийн сан англи, япон хэл тус бүрээр 200000, шинжлэх ухааны нэр томьёоны сан 100000, 400000 ойлголт, ухагдахууны тодорхойлолт, ангилалтай, нийлэмж бүтээх чадамжаар нь хэл бүрд 300000 үгийн гаргалгаа хийсэн, хоёр хэлний мөн тооны үгийн зэрэгцлийг Толь-д өгсөн байна. Түүний үрээр англиас-япон, японоос-англид хөрвөх орчуулгын, бичвэрийг аман ярианд, аман яриаг бичвэрт шилжүүлэх дээрх хоёр хэлний цахимын сан бүрдүүлжээ. 90-ээд оны эхэн үе гэхэд цахим аман яриаг ойлгож бичигт, бичвэрийг авиад хөрвүүлэх техник болон програм хангамжийн асуудал шийдлээ олсон байна.
Үүсмэл оюуны салбарт Японы зарласан “дайн”-д бусад цөөнгүй орон татагдан оролцсон байна. Юуны өмнө АНУ хүмүүний ерийн хэлээр ажиллах цахим бүтээх (DARPA Defense Advanced Research Project Agence) агентлаг байгуулан сэтгэн бодох логикийн үйлдэл хийдэг машины шинэ загвар (Thomas Kuhn) бүтээх ажлаа эрчимжүүлсэн байна. Түүний тул АНУ төслийн эхний таван жилд зөвхөн 500 сая $ заржээ. (http:theory.Ics.mit.edu/classes/6.972/TMS%20Corp.html).
Тийнхүү дэлхийн зах зээл дээр үүсмэл оюуны бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэх хэрээр 1СОТ-ын төслөөс үүдэн мэдээллийн технологийн салбарт Япон болон бусад оронд боловсруулсан цөөнгүй үр дүн гарчээ. Заримаас нь, жишээ болгон өгүүлье. Үүнд:
- Хүмүүний мэдлэгт суурилан машины оролцоогоор буй болсон үүсмэл оюун нь сэтгэн бодох чадамжаараа хүний боломжоос олон дахин илүү. (Herb Simon (Carnegie Melon University): Actually even for chess playing, best players are quite slow and only look at may be 100 sttes before making move. A computer may have to look at 3 million positions to make the same move, so probably the right way of looking at the problem wiuld remove the need for last hardware) (http://useit.Com/papers/tripreports/fifthgeneration.html)
Цахимаар шинжих тогтолцоо хүмүүний ахуйд ерийн үзэгдэл болов. Үүнд: анагаах ухааны салбарт өвчтөний мэдүүлэг, түүх, дүрс бичлэг зэргээс үүдэн цахимаар онош тогтоох (MYCIN, Stanford University), геологи, уул уурхайн салбарт, тухайлбал газрын тосны хайгуулд олон талын шинжилгээний үр дүнг нэгтгэн дүгнэлт хийх (Ргоspector, АНУ), цэрэг, батлан хамгаалах, сансар судлал зэрэгт өргөн хэрэглэгдэж байна (http:www.atariarchives.org/deli/expert_systems.php)
- Биоинформатик буюу генийн инженерийн шинэ салбар орчин үеийн хүн судлалд томоохон алхам хийж байна. (Singapore Genomics Program). Биоинформатик гэж биологийн тодорхой өгөгдлийг математик болон мэдээлэлзүйн ололтыг ашиглан судалдаг салбарыг хэлнэ. Энэ чиглэлийн судалгаа нь уураг, ДНХ- ийн бүтэц байгууламж, тэдгээрийн үүрэг, харилцан үйлчлэл, молекуляр хувьслын зарчим, зүй тогтол зэргийг тогтоох зорилготой. Тодорхой жишээ нь эрэгтэй хүний Ү хоромсон үр хүүхдэд нь бараг шууд дамждаг онцлогтойг тогтоосон учир Чингэс хааны алтан ургийн удмын тархцыг Их эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх 16 үндэстэнд судалгаа явуулснаар нийт 16 сая хүн эзэн хааны алтан урагт хамаатай болохыг тогтоожээ.
Одны аймаглалын (star cluster) аргаар алтан ургийнхны бөөгнөрөл хазаар, ар, өвөр Монгол, эвэнки, дагуурууд дунд илүүтэй болохыг тогтоосон байна. Эл судалгааг олон орны 23 эрдэмтэн явуулсны дотор Монголоос Т. Гэрэлсайхан, Б. Дашням нар оролцсон байна. (Am.J.Num.Genet.72:717-721, 2003)
Тийнхүү үүсмэл оюуны үр шимийг орчин үеийн хүмүүний нийгмийн бүхий л салбар хүртэж байна. Тэр бүрийг энд тоочин ярих аргагүй тул үүгээр өндөрлөж, цахим хэл шинжлэлийн салбар дахь ололт амжилтыг илүүтэй анхааран цааш өгүүлье.
Энд хоёр зүйлд хуваахуйц зангилаа асуудал бий. Нэг нь машинд зохицуулан хэлээ загварчилан (согpus linguistics) цахим байгууламж бүтээх (өөрөөр хэлбэл, хэлний нэгж тус бүрээр, наад зах нь авиалбар, бүтээвэр, бүтэц, утгын түвшинд ширхэгчлэн машинд оруулан түүнийг “хэлд оруулах”), нөгөө нь өмнөх үйлдлээс үүдэн хэлийг цахимжуулах (өөрөөр хэлбэл, түүний боломжийг хэл судлах хийгээд хүмүүсийг харь хэлний эрхшээлээс чөлөөлөн, орчин цагийн мэдээллээр бүрэн дүүрэн ашиглах явдал юм.) болно. (Э. Равдан, Орчин цагийн хэл шинжлэл, УБ., 2005, Цахим хэл шинжлэл хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү). Эхний асуудал нь хэлний түвшин бүрээр мэдээллийн сан угтаа байгуулна гэсэн ойлголт бөгөөд энэ нь ерийн толь гэсэн үг хараахан биш. Удаах асуудал нь цахимын олон боломжийг ашиглахтай холбоотой. Тэр нь хамгаас түрүүнд хэлний хөрвөх үйлдэлтэй холбоотой. Хөрвөх гэдэг нь ижил нөхцөлөөр машинд журамлагдсан хэлээр хэлний тэмдэг буюу код солих үйл юм. Түүнийг эдүгээ цахим орчуулга (ЦО) хэмээн нэрлэдэг.
Дэлхийн олон оронд цахим орчуулгын бие даасан програмууд цөөнгүй хэрэглэгдэж байна. Үйлдвэрийн горимоор эдүгээ ажиллаж байгаа ЦО-ын тогтолцоо сүүлийн оны мэдээгээр зуу хол даваад байна. Тэрхүү програмын заримаас жишээ болгон доор дурдъя. Үүнд:
- САТ (Georgetown Automatic Translation) тогтолцоо нь 1952 оноос АНУ-ын Жоржтауны их сургууль дээр боловсруулж эхэлсэн ЦО-ын анхны тогтолцооны нэг юм. Гол чиглэл нь физикийн салбарт оросоор гарсан бичвэрийн орчуулга болно. (Энэ тухай болон орчуулгын доор өгүүлсэн програмуудыг миний бие “Орчин цагийн хэл шинжлэл” (УБ., 2005) Цахим хэл шинжлэл хэсэгт өгсөн болно. Тэндээс мөн үзэж болно.)
- СЕТА (Centre d’études pour la Traduction Automatique), GЕТА(Groupe d’études pour la Traduction Automatique). Эл хоёр тогтолцоо бол Францын Гренобелийн их сургууль дээр 1961- 1971 оны хооронд боловсруулсан оросоос франц болгон хөрвүүлэх ЦО-ын тогтолцоо юм. Дээрх тогтолцоог бүтээхэд орох – гарах хэлний бүтцээс үл шалтгаалдаг зуучлагч буюу дамжуулагч хэл ашиглажээ.
- ТАUМ(Traduction Automatique de I’Université de Montréal). ТАUМ тогтолцоо нь англи бичвэрийг франц хэлэнд хөрвүүлэх тогтолцоо юм Түүнийг Монреалийн их сургууль дээр 1965 оноос боловсруулж байна. ТА11М тогтолцоог эхнээсээ нь хувиргах үйлдэл хийдэг байхаар бэлдэж эхэлсэн бөгөөд шинжлэх ухаан- техникийн тодорхой салбарын орчуулга үйлдэх зорилго тавиагүй байжээ. Харин хожим эхлээд цаг агаарын урьдчилсан мэдээ, дараа нь агаарын техникийн ашиглалтын баримт бичгийн орчуулгад ТАUM- ыг ашиглах болсон байна.
- ЭТАП (ЭлектроТехническийАвтоматическийПеревод)-ынтогтолцоо.Тогтолцоог боловсруулах ажил 1974 оноос гол төлөв ЗХУ-ын ШУА-ийн мэдээлэл дамжуулах технологи боловсруулах хүрээлэн дээр эхэлжээ. 1980 ондЭТАП1 -ийн эхний шатд уусч франц – орос, 1985 онд ЭТАП2 хоёр дахь шатны ажил өндөрлөж англи-орос ЦО-ын тогтолцоог ашиглалтад хүлээлгэн өгчээ. ЭТАП2 ЦО-ын тогтолцоо нь уялдаат бичвэр, патентын нэр хөрвүүлэх зориулалттай.
- ФРАП (Французско-русский автоматический перевод) тогтолцоо. Эл тогтолцоог 1975 оноос Бүх Холбоотын орчуулгын төвд боловсруулж эхэлжээ. Сэдвээр тэр бүр хязгаарлаагүй бага тооны баримт бичгийг орчуулахад тогтолцооны гол зорилго байв.
- АНРАП тогтолцоо. Цогцолбор бүтцийн хувьд АМПАР (англи-орос), НЕРПА (герман-орос) хоёр хэсгээс бүрдэл болжээ. Түүнийг 1950-иад оноос боловсруулж эхэлсэн байна. Дээрх хоёр тогтолцоо програм хангамж, ерөнхий орос толь, орос хэлний үгзүйн зохицуулалтаараа өөр хоорондоо холбоотой. Зориулалтаараа шинжлэх ухаан- техникийн төрөл бүрийн салбарын үлэмж хэмжээний бичвэрийг орчуулан мэдээллийн томоохон төвүүдэд сан үүсгэх чиглэлтэй ажээ.
- СULТ (Chinese Language Translator) Эл програм нь хүн-машины зэрэгцсэн үйдлийг шаарддаг ЦО-ын хэв шинжиттогтолцоо юм. Хятадаар үйлдсэн математик, физикийн бичвэрийг англи хэлэнд хөрвүүлэх зориулалт бүхий энэхүү тогтолцоог буй болгох ажил анх 1968 онд Хон Коны Хятад их сургууль дээр эхэлжээ. СULТ ЦО -ын програм хүний идэвхтэй оролцоог редакторлах төдийгүй орчуулгын шатан дээрээ хүртэл шаарддаг. Жишээлбэл, хэрэглэгч цөөнгүй тохиолдолд бүрэлдүүний хил хязгаарыг илрүүлэх, тодорхой үг бүр ямар утгаар хэрэглэгдэж байгааг тодорхойлох шаардлагатай байдаг. Энэ хүн-машин гэсэн загвараар орчуулгын үйлдлийг хийх нь ирээдүйтэй болохыг нотолж байна.
– АLPS төрлийн тогтолцоо. АLPS пүүсээс боловсруулж байгаа ЦО- ын програмууд нь байнгын орчуулагчийн ажлын байр шаарддаг. Энэ бол ЦО-ын тогтолцооны үлгэр болохуйц шинэ загвар юм. Орчуулагчийн ажлыг судлахад ажлын нийт цагийнхаа 70 орчим хувийг тэрбээр бичвэрт тохирох үг сонгох, хэрэгцээтэй нэр томьёо, үг хэллэгийг толиноос эрж тогтоох, нэгэнт бэлдсэн орчуулгаа цахимд оруулах зэрэгт зардаг байна. АLPS пүүсийн ЦО-ын тогтолцоо нь бичвэрийг олон цонхот дэлгэцнээ байрлуулан засаж залруулах боломжоор хангадгаас гадна цахимын мэдээллийн сангаас хэрэгцээтэй үгээ богино хугацаанд сонгож, шаардлагатай мэдээллээ мэдээллийн сангаас орчуулж байгаа бичвэртээ шууд шилжүүлэх, цахимд оруулсан толь бичгийн мэдээллийг ашиглан үгчилсэн орчуулга хийх чадамжтай ажээ.
1СОТ төсөл, дэлхийн цахимын хувьсгалын нөлөөнд монгол хэлний салбарт гарсан ахиц дэвшил:
- Монгол хэлний авиазүйн цахимд зохицсон судалгаа Японд хийгдэж байна. Тэрхүү асуудлыг шийдсэнээр дээр бидний өгүүлсэн үсгийг авианд, авиаг үсэгт хөрвүүлэх асуудал шийдэх боломж нээгдэнэ. (www.mongolculture.com)
- Монгол хэлзүйн цахим боловсруулалтын толь боловсруулах ажил Өвөр Монголын их сургууль, Бээжингийн их сургуулийн тооцоолох хэл шинжлэлийн газар Хятад улсын байгалийн шинжлзх ухааны сангийн дэмжлэгээр 2001 оноос эхэлжээ. (С. Насан- Урт, Монгол хэл бичгийн сураг занги боловсруулах онол, практикийн зарим асуудал, УБ., 2004, 29- р тал). Эл толийг боловсруулснаар монгол үг, өгүүлбэрийг цахимаар задлан, хэлзүйн чадамжийг бодитойгоор тогтоон, найруулгын өнгө аяс, баймжит чанар зэргийг цахим програмад тусгаж цахим орчуулгын мэдээллийн сангийн чухал бүрэлдүүнийг буй болгоно.
- Хятадаас монголд хөрвүүлэх цахим орчуулгын ажил Хятадын Засгийн газрын 863 төлөвлөгөөний дагуу 1998 оны 8-р сараас эхэлсэн бөгөөд анхны туршилтыг одоогоор хийсэн нь тодорхой эерэг үр дүнтэй болжээ.
- Худам монгол үсгийг цахимд оруулах асуудлыг бүхэлд шийдсэн байна. Энэ талын баримтаас дурдвал: ӨМӨЗО – ны эрдэмтдийн санаачилга, шууд оролцоотойгоор цөөнгүй цахим барын тогтолцоо үйлдсэн дотроос эдүгээ Өвөр Монголын их сургуулиас эрхэлсэн “Фан Жен электрон барлалын системийн монгол бар”, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухаа*ы хүрээлэнгийн хэл судлах газар Жин Шан компанитай хамтран боловсруулсан “Монгол WPS Office” тогтолцоо илүү олон хэрэглэгчтэй болсон байна. (Насан-Урт, дээрх зохиолын 35-р тал). Монгол улсын хувьд МУИС-ийн эрдэмтдийн хамтын хичээл зүтгэлээр 1990-ээд оны эхэнд буй болсон “SUDAR”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Японы NEC компанитай хамтран бүтээсэн тогтолцоо зэрэгцэн хэрэглэгдэж байна. Түүнчлэн бусад оронд, тухайлбал Германд проф. Hans-Peter Vietze бүтээсэн V-Mong.system, АНУ-ын Wayne V. Richter-ийн тогтолцоо зэргээс гадна Орос, Унгар, Канад, Тайваньд зарим судлаач монгол бичгийн цахим тогтолцоо бүтээсэн мэдээ бий. (mondlib.com), (www.menksoft.om) Түүнчлэн кирилл монголоос худам монголд, эргээд худам монголоос кирилл бичигт хөрвүүлэх цахимын боловсруулалтыг МУИС, ШУТИС-ийн эрдэмтэд едгеө боловсруулаад дуусах дөхөж байна. Түүнчлэн бидний хэдэн нөхөр “Монгол хэлний цахим байгууламжийн үндэслэл” дээр гурав дахь жилдээ ажиллаж байна.
– Монгол хэлний цахимын салбар дахь ойрын ирээдүй, тэмүүлбэл зохих хэтийн зорилт:
- Монгол хэлээ түвшин бүрээр нь задлан машиныг хэлжүүлж чадвал хэл маань дэлхийн бусад хэлний эгнээнд очиж, хөрвөх чадвартай болно. Тэгснээрээ бид мэдээллийг дэлхийн олон хэлнээс өөрийн хэлэнд буулган авах боломжоор хангагдана. Бусад олон орон бидний монгол соёл-мэдлэгийг өөрийн хэлэнд хөрвүүлэн танилцах давхар бололцоо нээгдэнэ.
- Хэлний цахим байгууламжийг бүрдүүлэх явцад онолын болон практикийн олон асуудлыг шинэ өнцгөөс авч үзэх тул монгол хэл шинжлэл шинэ агуулгаар баяжна.
- Машиныг монгол хэлэнд сургах, нөгөө харь хэлтэй харшуулан дүйцүүлэх (тухайлбал, орчуулгын програм зохиох) явцад тэрхүү хэлэнд монгол хүнийг сургах хэл шинжлэлийн үндэс бүрэн дүүрэн нарийвчлалтайгаар боловсорно. Энэ нь зэрэгцүүлсэн хийгээд харьцуулсан хэл шинжлэлийн салбарт шинэ дэвшил авчирна. Жишээлбэл, бичвэрийг авиад шилжүүлэх ажилбар гэдэг нь авиазүйн судалгааны олон асуудлыг шийдсэний үрээр бүтнэ.
- Эдүгээ англи хэлийг “импортолж”, хос хэлтэн болгон Монголоо гэгээрүүлнэ гэсэн хэлний тухай төрөөс авч явуулах бодлогын ерөнхий чиглэл нь бидний дээр өгүүлсэнтэй авцалдахгүй байна. Түүний оронд эх хэлээ мэдээллийн технологийн түвшинд боловсруулах чигийг барьж, хөрөнгө мөнгө одоогоос зарвал тэр нь хэтээ бодож, холыг харсан бодлого болно. Энэ нь молхи бидний ухаарч байгаагаар “Мянганы зам”- аас ч дутахгүй хөрөнгө оруулалт мэт санагдана.
- Хэлний бодлогын хувьд Япон орон нь бидний өнөөгийн байдлыг туулаад ирсэн тун сургамжтай орон юм. Нэгэн үе япон хэл ханз дагасан хятад олон үг дээр Азийн бар болсон хөгжлийнхөө эхэн үед шинжлэх ухаан-техникийн салбарт эрдэмтэд нь англиар бүтээлээ туурвих зэргээр бидэн шиг англи хэлийг эрхэмлэж байсан үед англи үгээр япон хэл саармагжин үгийн сангийн тал шахуу хувь нь харь ормол үгээс бүрдэх болжээ. Түүнийгээ ойлгож хэлний бодлогоо 1960 оны үеэс япончууд төрийн хэмжээнд өөрчилжээ.
“Монгол хэл бичиг цахимд” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, Улаанбаатар 2016 он