Зуданд нэрвэгдсэн аймгуудад туслах аяны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай
Огноо:Манай орны ихэнх аймаг, сумдын малчид өвлийг хүндхэн давж, хавартай золгож байгаа хэдий ч хаваржилтын байдал цаашид хүндэрч болзошгүй талаар цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарч байна.
Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүултэй, тухайлбал, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 18 аймгийн 98 сум цагаан зудтай, цасны зузаан 18-42 см байна.
Энэ хүнд нөхцөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд -нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг 3 дугаар сарын 3-наас эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд бод, бог малын нэг буман нэмнээг малчдад нийлүүлж, нэгтүмэн оюутан хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
- “Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгуулна. Аяны хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулж байна.
- “Малчин оюутан” аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгож байна.
Энэхүү БСШУЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд уриалж байгаа бөгөөд МУИС малчдад туслах энэ аяныг нийт багш, оюутан, ажилтан, албан хаагчдын дунд амжилттай өрнүүлэх үүднээс дараах арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Аяны талаарх мэдээллийг түгээн тарааж, сурталчлах ажлыг их сургуулийн болон оюутны албаны цахим хуудас, бусад нийгмийн сувгуудаар дамжуулан зохион байгууллаа.
- МУИС-ийн Оюутны албанаас санаачлан Монголын улаан загалмай нийгэмлэг болон оюутны байгууллага, клубуудтай хамтран зуд турхантай байгаа аймаг сумдын малчдад хандив цуглуулах аяныг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлэн мөнгөөр 2 сая гаруй төгрөг, лаа шүдэнз зэрэг бусад хандивыг бүрдүүлээд байна.
- Саналаараа хөдөө гэртээ очиж, мал төлөлтөд туслах оюутан суралцагчдыг бүртгэх, тэдний хичээл сургалтыг зохицуулах ажлыг эхлүүлээд байна.
Дээрх ажлууд цаашид үргэлжлэн явагдах бөгөөд энэхүү аяныг сэтгэл зүрхээрээ дэмжин, гар бие оролцож байгаа нийт МУИС-ийн багш, оюутан, албан хаагч нарт талархал илэрхийлье.