Б.Ганбат: Дүрсийг аль ч талаас нь бодит мэтээр харах боломжтой болно
Огноо:Монгол улсад нэвтрээд буй шинэ техник технологийн нэг болох дүрсийг агаар дээр бодит мэтээр гаргах дэлгэцийн талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш, профессор Б.Ганбаттай ярилцлаа.
-ДҮРСИЙН ХАРАГДАХ ӨНЦГИЙГ ИХЭСГЭХ ТАЛААР СУДАЛГАА, ТУРШИЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА-
-Дүрсийг агаарт гаргах дэлгэцийн талаар тайлбарлахгүй юу?
-Энэ дэлгэцээр аливаа дүрсийг харуулах нь хүмүүст илүү бодит харагдана гэсэн үг. Хүн бүх зүйлийг гурван хэмжээсээр хардаг. Гэтэл одоогийн бидний хэрэглэж байгаа дэлгэц болон технологиуд нь хоёр хэмжээст байдаг. Харин энэ дэлгэцийн гол зорилго нь бүх зүйлийг гурван хэмжээсээр нүдний шилгүй үзүүлэх юм.
-Гурван хэмжээст дэлгэцийг юунд ашиглах боломжтой вэ?
-Ерөнхийдөө 3D загварчлалыг дэлхий нийтэд цэрэг дайны болон эмнэлгийн салбарт өргөн ашигладаг. Тухайлбал, эмч нар дурангийн хагалгаа хийхэд дүрсийг гурван хэмжээсээр харвал эмчийн харааны ачаалал 70 хувь хүртэл буурна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмч хагалгаандаа зарцуулах цаг нь ихэсч, бүх анхаарлаа хандуулан ажиллах боломж бүрдэж байгаа юм. Харин энэ дэлгэцийн хувьд зориулалт нь өөр. Дүрс болон видеог гурван хэмжээст дүрсээр, дэлгэцээс 40 орчим см-ын зайд бодит мэт үзүүлнэ.
-Энэхүү дэлгэцийг ямар салбарт ашиглах вэ?
-Дүрсийг агаар дээр гаргах дэлгэцийг энтертайнмент чиглэлээр ашиглах боломжтой. Одоогоор хэрэглээнд гаргахад сайжруулах шаардлагатай зарим зүйлс байгаа. Судалгааны ажил дуусвал реклам сурталчилгаа болон музейн ховор үнэт эд зүйлс, хадгалах тусгай орчин шаардсан эд өлгийн зүйлсийг хүмүүст гурван хэмжээсээр үзүүлэх зэрэгт ашиглах юм.
-Судалгааны ажил ямар шатандаа яваа вэ?
-Одоо дэлгэцийн гаргаж байгаа эдгээр дүрсийг хүн тодорхой нэг л цэгээс гурван хэмжээстээр харж байгаа. Бид дүрсийн харагдах өнцгийг ихэсгэх талаар судалгаа, туршилтын ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, одоо дүрсийг зөвхөн урдаас нь харж байгаа бол шинэчилснээр хүн аль ч талаас нь гурван хэмжээстээр харна гэсэн үг.
-Манай улсад энэ төрлийн технологийн хөгжил ямар түвшинд байгаа вэ? Саяхан Говьсүмбэр аймгийн сурагчид дүрсийг агаарт хөөргөх технологи танилцуулсан байсан?
-Сүүлийн үед энэ чиглэлээр судалгааны ажлууд их хийгдэж байгаа байх. Миний хувьд энэ дэлгэцийн ажил дээр 2004 оноос хойш ажиллаж байна. Таны ярьж буй дүрсний тухайд гэвэл хоёр хэмжээст зургийг шилэнд ойлгож хүмүүст үзүүлж байгаа юм.
-Энэхүү дэлгэцээс гадна гурван хэмжээст дүрсний чиглэлээр өөр судалгааны ажил хийгдэж байгаа гэж сонссон?
-Үндсэндээ гурван төрлийн дэлгэц дээр судалгааны ажил хийгдэж байна. Эдгээрийн нэг нь агаар дээр дүрс гаргах дэлгэц юм. Харин нөгөө нь стерео буюу шилний тусламжтайгаар дүрсийг гурван хэмжээсээр харах. Одоо кинотеатруудад нэвтрээд байгаа технологи юм. Энэ технологиор бол хүн сууж үзэхэд гурван хэмжээст харагддаг. Хэвтэх ч юм уу, өөр өнцөгт шилжихэд дүрс гурван хэмжээстээр харагдахгүй болдог. Үүнийг хэрхэн сайжруулж болох талаар судалж байна. Гуравдахь нь интеграл имижинг буюу олон жижиг дүрсийг нийлүүлсэн гурван хэмжээст дүрс юм. Үүний давуу тал нь нүдний шилгүйгээр үзнэ, хоёрдугаарт хэвтээ босоо тэнхлэгийн дагуу харж болно гэсэн үг. Мөн цаашид сайжруулах тал дээр судалгааны ажил хийгдэж байна. Эдгээр технологиудын хамгийн гол зорилго нь бүх дүрсийг нүдний шилгүйгээр, аль ч өнцгөөс дүрсийг бодитоор харах юм. Ерөнхийдөө хүний нүд нь хэвтээ тэнхлэгийн дагуу гурван хэмжээсээр хардаг. Хүний нүд секундэд 24 дүрс ялгаж харж чаддагүй. Харин эдгээр технологиудыг ашигласнаар секундэд 300 дүрс ялган харах боломжтой юм.
Б.ГАНТУЯА эх сурвалж: medee.mn