“МУИС-тай танилцъя” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Огноо:

МУИС-ийн оюутан, суралцагчийн соёл, элсэлтийн журам, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг олон нийтэд танилцуулах зорилгоор “МУИС-тай танилцъя” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил өдөрлөгийг зургаадугаар сарын 8-10-ны хооронд зохион байгууллаа.Өдөрлөгөөр МУИС-ийн танилцуулга, элсэлтийн мэдээллийг эцэг эх, сурагчдад олгосон ба тэдний сонирхсон асуултад хариулсан болохыг зохион байгуулагчид онцолж байлаа. МУИС-ийн Элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт хэлэхдээ, “МУИС-иар аялъя” арга хэмжээг энэ жил “МУИС-тай танилцъя” нэрийн дор амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд МУИС-ийн суралцах орчин, салбар сургуулиудын тэнхим, хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилготой. МУИС-ийн зүгээс ЕБС-д суралцагчдын элсэлтэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үүний нэг жишээ нь, сүүлийн жилүүдэд бид Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-тэй хамтарч, МУИС-ийн багш нараар ЭЕШ-д хүүхдүүдийн хамгийн их алдаж буй хичээлийн сэдвүүдээр видео контент бэлтгэн хүргэж буй. Өнгөрсөн хугацаанд нийт 50 видео контент бэлтгэсэн байна. Энэ нь тухайн хүүхдүүдэд ЭЕШ-даа амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Өдөрлөгийн хувьд өртөөчилсөн байдлаар сурагчдын мэдэхийг хүссэн асуултыг нэгэн зэрэг олгодог” гэлээ.

Өдөрлөгт оролцогчдын сэтгэгдлийг сонслоо. 21 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч н.Номинзул: 10 жилийн хүүхдүүд их сургуулиудын нэрийг л мэддэг болохоос дотор нь юу өрнөдөг болохыг мэддэггүй. Иймээс ямар орчинд аль чиглэлээр суралцахаа тодорхойлоход тус өдөрлөг тусаллаа. Энэ нь биднийг их сургуулиа сонгоход хувь нэмэр болж байна. Мөн тэнхим хөтөлбөрүүдийг танилцуулснаар тухайн мэргэжлээр хаана ямар компанид ажиллах боломжтойг тайлбарласан нь хэрэгцээтэй байлаа.

21 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч Д.Буян-Очир: “МУИС-тай танилцъя” өдөрлөгөөр асуухыг хүссэн зүйлсдээ ихэнх хувьд нь хариулт авч чадлаа. Би бизнес талдаа сонирхолтой учраас салбар сургуулийн багш нараас нь танилцуулгыг сонслоо. Одоо түүнтэй холбоотой оюутан солилцоо тэтгэлгийн талаар мэдээлэл авахаар хүлээж байна. Сургуулиудын нээлттэй өдөрлөг нь сурагчдад сургуулиа сонгоход хамгийн хэрэгцээтэй үйл ажиллагаа гэж боддог. Миний хувьд сургуулиа сонгохдоо тухайн сургууль дээрээ очиж үзэж, давуу болон сул талыг дотроо харьцуулж сонголтоо хийнэ. Надад МУИС-иас хамгийн их таалагдсан зүйл бол номын сан болон Багш оюутны хөгжлийн төв. Учир нь гадаадын их сургуулиуд шиг дотроо фитнесстэй нь таалагдлаа.

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар