Монгол Улсын Их сургууль 79 дэх удаагийн Эрдмийн баяр боллоо
Огноо:Монгол Улсын Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жил, 79 дэх удаагийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
Ийнхүү МУИС-аар овоглох 918 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Тухайлбал, энэ хичээлийн жилд МУИС-ийг бакалаврын 636, магистрын 272, докторын 10 оюутан төгсөв.
Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нийт дөрвөн ээлжээр зохион байгуулсан юм. Төгсөгчдөд МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн ректор болон проректорууд, эрдэмтэн багш, удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, захиргааны зөвлөлийн гишүүд диплом энгэрийн тэмдэг гардууллаа.
Арга хэмжээг нээж МУИС-ийн ректор Д.Бадарч хэлэхдээ, эх орондоо үнэтэй мэргэжилтэн болоход эрдмийн дөрөөнд хүргэсэн эрдэмтэн багш нар, их сургууль тань цаашид ч тусалж дэмжихийг онцоллоо. Мөн эрдмийн эрлийнхээ нэгэн мөчлөгийг үдэж буй нийт төгсөгчдөд баяр хүргээд эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээх их үйлсэд нь амжилт хүслээ.
МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж эрхэм профессор багш нар үг хэллээ.Боловсрол, байгаль орчны болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан МУИС-ийн профессор Б.Цэнгэл хэлсэн үгэндээ, “МУИС бол дээд боловсролын ууган байгууллага, сургалт судалгааны төв бөгөөд эрдмийн их уурхай билээ. МУИС хэмээх өндөр босготой сургуульд элсэн суралцаж, эрдэмтэн багш нараасаа эрдмийн шимийг хүртэж төгсөлтийн баяраа хийж буй шавь нараараа бахархаж, баярлахын сацуу баяр хүргэе. Оюутан байх хугацаа хэдий богино ч дурсамж дүүрэн өнгөрдөг. Та бүхэн ажил дээр гараад эцэг эх болон өөрийн нэр төр, МУИС хэмээх эрдмийн овгоо сэвтээхгүйгээр ажиллаж, хөдөлмөрлөхийг ахмад багшийн хувьд захиж байна. Багш хүний бахархал бол шавь байдаг. Шавь хүний сайрхал нь багш байдаг” хэмээв.Монгол Улсын төрийн соёрхолт математикч, МУИС-ийн профессор ШУА-ийн гишүүн, академич Р.Энхбат хэлсэн үгэндээ, “Энэ өдрөөс эхлэн та бүхний нэрийн хуудас бол МУИС юм. Эрдэм мэдлэг орой үгүй учир өөрийгөө цаг тутам, тасралтгүй хөгжүүлж, шинжлэх ухааны ололт амжилтыг үргэлж соргогоор мэдэрч, эзэмшихийн зэрэгцээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж явахыг ахмад багшийн хувьд захиж байна. Та бүхний мэдлэг архивжихын хэрээр улс орны хөгжил урагшилдаг жамтай. Их сургуулийн багш нар чинь эрдэм мэдлэгээ та бүхэнд зориулж ирсэн. Энэхүү мэдлэгийг цааш нь түгээх үүрэг хариуцлагыг өнөөдрөөс та бүхэн хүлээж байна.” гэлээ.Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Л.Чулуунбаатар хэлсэн үгэндээ, “Дээд боловсролын ууган өлгий МУИС-ийн алтан босгыг алхаж, дөрвөн жил ариун эрдмийн шимийг хүртэж, диплом энгэрийн тэмдгээ гардан авч буй дүү нартаа баяр хүргэе. Миний бие 43 жил дээд боловсролын байгууллагад ажиллаж буй энэ хугацаанд эрдэмд шамдах, сурч боловсроход эх хэл болон гадаад хэл тусалсан. Монголчууд бид хэлтэй бол хөлтэй хэмээн ярьдаг. Эрхэм дүү нар минь гадаад хэл сурч байгаа бол юун түрүүнд эх хэлээ чамбайруулах хэрэгтэй. Амьдралын талбарт өөрийн хэл болон гадаад хэлийг сайн сурч, эрдэм мэдлэгт цуцалтгүй зүтгэж, амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм.МУИС-ийн профессор Д.Гармаа хэлэхдээ, “МУИС-ийн төгсөгч, ахмад багшийн хувьд төгсөгчдөдөө зориулж гурван зүйлийг захья. Нэгдүгээрт, та бүхэн МУИС-д элсэж мэргэжил дээшлүүлэх зорилгоо биелүүллээ. Дараагийн удаад энэ зорилготой тэнцэх хэмжээний том зорилгыг тавьж ажиллаарай. Хоёрдугаарт, цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Иймд цаг хугацаатай уралдаж, завтай цагтаа хийж бүтээх биш, завгүй цагтаа шинийг сэтгэн, хөдөлмөрлөж яваарай. Гуравдугаарт, МУИС хэмээх Монголдоо нэр хүндтэй сургуулийн төгсөгч байна гэдэг нь сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж авах үүрэг хүлээнэ гэсэн үг. Иймд энэ үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж явахыг та бүхнээс хүсье” гэлээ.
Эрдмийн баярын шууд дамжуулалтын бичлэгийг энд дарж үзээрэй.
Ээлж тус бүрийн төгсөгчдөд диплом гардуулж буй үеийн дурсгалын зургийг дараах линкээр үзэхийг хүсье.
- Үндсэн зураг: https://drive.google.com/drive/folders/1qVio7CfH9JBa7gdZEo0CrkA6L65eNyLU
- Нэмэлт зураг: https://drive.google.com/drive/folders/1YyQQAJWqVunteCZQxr6RjEnVXuvVqi5H
МУИС хэмээх нэг овогтой Монгол орныхоо хөгжлийг түүчээлэх эрхэм хүндэт Таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ