МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлэг

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД АМЖИЛТ ГАРГАСАН ОЮУТАНД МУИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгийг дараах шаардлагыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

1.1. Сүүлийн 4 улирлын голч дүн 3.0 доошгүй;

2.1. Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицид оролцдог байх;

2.2. Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаанд шалгарсан байх (хийсэн бүтээлийн үр дүн нь хэвлэн нийтлэгдсэн буюу үйлдвэрлэл, практикт шилжсэн, ШБОС-ын гэрчилгээ, лиценз авсан бол онцгойлон үзэх үндэслэл болно);

2.3. Эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой, авьяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд, оюутны хамт олон батлан тодорхойлсон;

Хоёр. Нэрэмжит тэтгэлэг олгох

2.1. Нэрэмжит тэтгэлэг олгох оюутны нэрийг тэнхмийн хурлаас дэвшүүлж Оюутны зөвлөлийн саналыг авна.

2.2. Бүрэлдэхүүн сургууль бүр тухайн хичээлийн жилд тус бүр нэг оюутан тодорхойлох бөгөөд Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн протокол үйлдсэн байна.

2.3. Бүрэлдэхүүн сургуулиудаас ирсэн материалыг Оюутанд үйлчлэх төв нэгтгэн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, захирлын тушаалаар тэтгэлэг, гэрчилгээг олгоно.

2.4. Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшиж буй оюутнуудын материал нь нэгдсэн загвараар бөглөсөн товч анкет, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт, Эрдмийн зөвлөлийн протоколоос бүрдэнэ. Тодорхойлолтонд тэтгэлэгт нэр дэвшигдсэн гол үзүүлэлт болох эрдэм шинжилгээний ажлын тухай үнэлэлт дүгнэлттэйгээр тодорхой бичнэ.

2.5. Эрдэм шинжилгээний ажилд тогтвортой, онцгой амжилт гаргасан оюутанд үргэлжлүүлэн олгож болох бөгөөд уг асуудлыг тэтгэлэг шинээр олгохтой адилаар шийдвэрлэнэ.

2.6. Нэрэмжит тэтгэлэгийг хичээлийн жилд нэг удаа олгох ба тэтгэлэг нь тухайн жилийн сургалтын төлбөрийн 40%-тай тэнцэх хэмжээтэй байхаар бодож эрдэм шинжилгээний зардлаас гаргана.

ДОКТОРЫН СУРГАЛТАНД СУРАЛЦАЖ БУЙ МУИС-ИЙН БАГШИЙН ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийг докторын сургалтанд элсэж, суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцож, диссертацийн судалгаагаа хийж буй суралцагчид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно

Энэ журам гарахаас өмнө төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн хөнгөлөхгүй. “Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын  3-аар хавсралт болох “Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам”-аас үзнэ үү.

Тэтгэлгийн зорилго:

“МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтанд амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх.

Тэтгэлгийн болзол:

  1. Докторын сургалтанд элсэн 3-аас доошгүй улирал, 6 жилээс илүүгүй хугацаагаар суралцаж байгаа МУИС-ийн үндсэн багш.
  2. Суралцагч судалбал зохих мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж багц цагаа бүрэн биелүүлсэн байх.
  3. Суралцагч мэргэжлийн судалгааны семинарт тогтмол оролцож, диссертацийн судалгаагаа идэвхитэй хийдэг байх.

Нэр дэвшүүлэх:

Тэтгэлэгт тухайн суралцагчийн судалгааны ажлын удирдагч профессор багш нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, шаардлага хангасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг гэрчлэх/ хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт Сургалтын нэгдсэн албанд хүргүүлнэ.

Тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

Тэтгэлгийн хэмжээ:

Тэтгэлгийн хэмжээ докторын түвшний сургалтын эрдэм шинжилгээний ажлын 18 багц цаг болон диссертацийн судалгааны 12 багц цагийн төлбөрөөс хэтрэхгүй буюу докторын сургалтын нийт төлбөрийн 50 хувиас илүүгүй байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлт /эрдэм шинжилгээний ажлын багц эсвэл диссертацийн судалгааны ажлын төлбөрөөс хөнгөлөх тухай /
  • Баталгаажсан дүнгийн тодорхойлолт /СиСи системээс гарган баталгаажуулна/
  • Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дүгнэлт, хурлын тэмдэглэл /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг нотлох бичиг баримтын хуулбарын хамт/

Ц.ДАМДИНСҮРЭН, Ш.ЛУВСАНВАНДАН, Б.РЕНЧИН НАРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1992 оны 2-р сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу нэрт монгол судлаач Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ренчин нарын нэрэмжит тэтгэлэг олгоно.

1.2. Тэтгэлэгийн зорилго нь монгол судлалын тодорхой чиглэлээр ажилладаг гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино. Үүнд:

1.2.1. Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг – Монголын утга зохиол, түүх;

1.2.2. Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг – Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлал;

1.2.3. Б.Ренчиний нэрэмжит тэтгэлэг – утга соёл, угсаатны зүй, хүн судлал.

1.3. Нэрэмжит тэтгэлэгийг жилд тус бүр нэг хүнд олгох бөгөөд сургалтыг тухайн чиглэлийн дагуу бүрэлдэхүүн сургууль хариуцан зохион байгуулна.

Хоёр. Нэрэмжит тэтгэлэгт хамруулах болзол

2.1. Монгол судлалын чиглэлээр докторантурт суралцаж байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх сонирхолтой 40 хүртэл настай судлаачийг сонгон шалгаруулна.

2.2. Суралцагч нь жил бүрийн 1-р сарын 15 эсвэл 9-р сарын 01-нээс 3-6 сарын хугацаагаар ирж, тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдах буюу судалгааны ажил хийнэ.

2.3. Нэрэмжит тэтгэлэг авахыг хүсэгч нь доорхи материалыг бүрдүүлж, сургалтад хамрагдахаас 3 сарын өмнө МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд ирүүлнэ. Үүнд:

2.3.1. Боловсрол, ажлын туршлагыг илтгэх биеийн байцаалт (CV);

2.3.2. Бүтээлийн жагсаалт;

2.3.3. Суралцах зорилго, судлах зүйлийн хамрах хүрээ;

2.3.4. Онцлох хүсэлт: Аль тэнхимд хэний удирдланд сурах, нийслэлээс өөр газар явах шаардлагатай эсэх;

2.3.5. Эрүүл мэндийн үзлэгийн бичиг.

Гурав. Сургалтын дэг

3.1. Тэтгэлэгт шалгарсан судлаачид мэргэжлийн эрдэмтнийг зөвлөх профессороор томилж ажиллуулна.

3.2. Нэрэмжит тэтгэлэгээр суралцагчид дараах хангамж эдлүүлнэ. Үүнд:

3.2.1. Оюутны байранд суулгах;

3.2.2. Боловсролын зэргээс хамааруулж сар бүр МУИС-ийн багшийн сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох

3.2.3. Архивын материал, ном хэвлэл худалдаж авах, бичлэг хийх зэргээр судалгааны материал цуглуулахад нь зориулж нэг удаа 400,000 төгрөг өгөх.

3.2.4. Орон нутагт богино хугацаагаар судалгааны материал цуглуулах ажлаар явахад нэг удаа 400,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх.

3.3. Суралцагч суралцах хугацаандаа судалгааны семинарт идэвхтэй оролцож илтгэл тавих, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих үүрэг хүлээнэ.

3.4. Тэтгэлэгээр суралцагч сургалт дуусах болох үед зөвлөхийн удирдлагаар судалгааны ажлын тайланг гаргаж, тэнхимд шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлд тайлагнана.

3.5. Суралцагч сургалтын хугацаанд МУИС-ийн дүрэм, бусад холбогдох журам, зааврыг мөрдөнө.

Дээрх тэтгэлгүүд зарлагдсан даруйд зар, мэдээллийг МУИС-ийн албан ёсны веб сайт http://www.num.edu.mn/  дээр байршуулж, бүрэлдэхүүн сургуулийн болон холбогдох алба, нэгжийн сошиал медиа сувгаар түгээнэ.

Эх сурвалж:

 

Share Button